Ч.Одгэрэл: Хэвтрийн ахмадуудад гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг нэмэгдүүлэх шаардлагатай
2020-10-12 09:58

 

Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэлтэй ярилцлаа.

 

-ГҮТ-нь ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  байгууллага. Тэгвэл манай улсын хэмжээнд хэдэн ахмад настан байдаг вэ? Үүнээс хэдэд нь хүрч үйлчилж чадаж байгаа вэ?

 

-Геронтологийн төв нь 2005 онд бие даасан төв болж настанд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд 2012 онд лавлагаа төвийн статустай болж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах болсон. Настны чиглэлийн мэргэшсэн лавлагаа тусламжийг үзүүлэн ажиллаж байна. ДЭМБ-аас настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй,  сонголттой, үнэ хямд, чанартай үзүүлж настныг бие даасан, бүтээлч оролцоотой иргэн байлгах, тэдний эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих, амьдран байгаа газарт нь тусламж үйлчилгээг хүргэхэд чиглэгдсэн ажлуудыг төлөвлөн зохион байгуулж ажиллахыг дэлхийн бүх гишүүн улс орондоо зөвлөмж болгодог. 

 

ДЭМБ-ын гаргасан тооцооллоор 2015 онд дэлхийн хүн амын 12.3% буюу 901 сая нь ахмад настан байсан бол 2030 онд 16.5% буюу 1.4 тэрбум, 2050 онд 21.5%  буюу 2.1 тэрбум буюу 5 хүн тутмын нэг нь ахмад настан болно гэсэн тооцоолол гарсан. Нийт настнуудын 80% нь дунд буюу бага орлоготой орнуудад амьдрах төлөвтэй байна. Франц гэх мэт европын зарим орнуудад 60 ба түүнээс дээш настны эзлэх хувь 10 хувиас 20 хувь болох гэж 150 жил зарцуулсан байхад хөгжингүй орнууд 20  жилийн дотор настнуудын эзлэх хувь ижил болохоор байгаа нь ДЭМБ-ын тооцооллоос харагдаж байна. Хамгийн эрчтэй өсч байгаа хүн ам бол 85 ба түүнээс дээш насныхан байна. Иймээс дэлхий дахинаа настанд зориулсан эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тогтолцоог зөв оновчтой зохион байгуулан насжилтад бэлдэх хэрэгцээ байгааг харуулж байна.

 

Монгол улсын хувьд 60 ба түүнээс дээш насныхан 2019 онд хүн амын 7.03 хувь (232,029), 2045 онд 13.4 хувь болох магадлалтай байна. Нийт настны 58 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний алба нийт 17 эмч, мэргэжилтэнтэй ажиллаж  настанд нотолгоонд тулгуурласан чанартай тусламж үйлчилгээг амбулаториор болон гэрийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрлөөр үзүүлэн ажиллаж байна. Настан хүний өвөрмөц хэрэгцээтэй холбоотойгоор амбулаториор ирж тусламж үйлчилгээ авахыг хүлээн суухгүйгээр бид нийслэлийн алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт “Эрүүл насжилтыг дэмжье” аян хэлбэрээр зохион байгуулан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгүүдийг хийж тусламж үйлчилгээ үзүүлдэг.

 

Амбулаториор өдрийн сэргээн засах, уламжлалтын эмчилгээг хийдэг нь настанд маш их эрэлттэй, тусламж үйлчилгээ байдаг. Геронтологийн үндэсний төв нь жилд дунджаар 75000 настанд тусламж үйлчилгээ үзүүлдэг нь нийт настнуудын 30 орчим хувьд нь хүрч үйлчилж байна. Үлдсэн 70 хувьд нь аймаг, дүүргийн настны эмчийн кабинет, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Геронтологийн үндэсний төв нь дээрх эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

 

-ГҮТ-өөс орон нутгийн  ахмад настанд хүрч үйлчлэх боломж бололцоо хэр байдаг вэ?

 

-Жилд дунджаар 8-9 аймагт “Эрүүл насжилтыг дэмжье” аяныг зохион байгуулан аяны хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтэнд настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр багц цаг бүхий сургалт хийдэг. Мөн хөдөө орон нутгийн ахмадын байгууллагуудтай хамтран эрүүл насжихад бэлдэх, сурталчлах сургалтыг зохион байгуулж тухайн орон нутагт нь эмч мэргэжилтний баг очиж оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж ажилладаг.

 

-Томуу томуу төст өвчний улирал эхэлж байна. Ахмадууд хэрхэн дархлаагаа дэмжих вэ?

 

-Томуу, томуу төст өвчин бол даарч хөрөхөөс үүдэлтэйгээр хүйтний улиралд дэгдэлт байдлаар илэрдэг, агаар дуслын замаар халдварладаг  халдварт өвчин бөгөөд хүний дархлааны чадамжаас хамаараад 7-10 хоногт эдгэдэг ч  архаг суурь өвчтэй, дархлаа султай настнууд амархан халдвар авч, томуугийн халдварын хүндрэл үүсч, эмнэлэгт хэвтэн, эмчилгээний зардалд орлогынхоо нилээд хэсгийг зарцуулдаг.

 

Дархлаа султай, өндөр настангууд маань илүү хүндрэл үүсч, амьсгалын болон бусад эрхтний үйл ажиллагааны доройтолд оруулан улмаар нас барах магадлалыг нэмэгдүүлдэг. АНУ-д 1994 онд хийгдсэн давхар нууцлалтай эмнэлзүйн туршилт судалгаагаар  1838 настанд 5 сарын турш даган судалсан судалгаанд вакцинд хамрагдсан настнуудын 1.7 хувьд нь улирлын томуугийн гаралтай олон эрхтний үйл ажиллагааны дутагдал ажиглагдсан. Томуугийн вакцинд хамрагдаагүй настантай харьцуулахад 3.7 дахин өвчлөл бага илэрсэн байгаа юм.

 

Иймээс томуугийн вакцинд томуугийн хүндрэл илрэх магадлал өндөртэй жирэмсэн эмэгтэй, 6-аас доош настай хүүхэд, архаг өвчтэй хүмүүс болон  65 ба түүнээс дээш настай ахмад настнуудыг заавал томуугийн дархлаажуулалтад хамруулахаар заасан байдаг. Олон эрхтний доройтолтой, зүрх судасны архаг эмгэгтэй, чихрийн шижин, уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй, хавдартай, дархлаа султай настнууд биеийн дархлаагаа дэмжин, архаг хууч эмгэг сэдрэхээс сэргийлэн улирлын томуугаас сэргийлэх нь чухал юм.

 

-ГҮТ-өөр коронавирусийн энэ үед ахмадууд хэр их үйлчлүүлж байна вэ?

 

-Анх коронавирусийн цар тахлын хөл хориог тогтоосон 2-4 сард бол амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо багассан. Бид энэ үеэс ДЭМБ-д хүсэлт тавьж коронавируст халдварын цар тахлын хөл хориотой үед эмзэг бүлгийн настнууддаа гэрээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2020 оны 06 сарын 15-наас хөтөлбөрийн ажлыг эхлүүлж хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  дүүргүүдийн настны эмч болон өрхийн эмч мэргэжилтэн, мөн настанд тусламж үзүүлэх 120 сайн дурын идэвхтэнг “Коронавирусийн цар тахлын үед үзүүлэх тусламж” чиглэлээр бэлдсэн, төвийн хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлагаар цаг алдалгүй хангаж байх зорилгоор зайн сургалтын өрөөтэй болсон, гэрийн тусламж үйлчилгээний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэхээр зайн оношилгооны мобайл технологийг нэвтрүүлсэн зэрэг ажлуудыг хэрэгжүүлээд байгаа.

 

Мөн Нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй эрүүл мэндийн IV,V буюу бие даан гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, асран хамгаалал дор амьдарч байгаа настнуудад гэрт очиж үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгч, ДЭМБ-аас хүргүүлсэн хүмүүнлэгийн болон боловсролын багцыг тараан ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын явц 70 гаран хувьтай явагдаж байна. Одоогоор харьцангуй хөл хорио цуцлагдсантай холбоотойгоор амбулаторийн үзлэг зөвлөгөө хэвийн явагдаж байна. Харин хөдөө орон нутгийн болон алслагдсан дүүргийн урьдчилан сэргийлэх үзлэгийг бүрэн зогсоосон байгаа.

 

-ДЭМБ-тай хамтраад хэрэгжүүлж байгаа дээрх хөтөлбөр хэзээнээс хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

 

-2020 оны 12 сарыг дуустал үргэлжилнэ. Хүмүүнлэгийн багц хүргүүлсэн настнуудаа өрхийн эмч мэргэжилтэн болон сайн дурын идэвхтнээр эргүүлэн тусламж үйлчилгээг тасралтгүй байдлыг ханган ажиллах болно. Хөтөлбөрийн хүрээнд насны доройтлын тархалтын судалгааг мөн эхлүүлсэн эхний үр дүнгүүд нь боловсруулагдаад эхэлсэн байгаа.

 

                                                           М.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ymar obchniig uzdeg um, yg uu gej bgaa um ter Gerontolg gedeg chin,tegeed chaana bairladag um???
2020-10-12