БНХАУ: Чиндао хотын 9 сая хүнийг 5 хоногийн дотор СOVID-19-ийн шинжилгээнд хамруулна
2020-10-12

Хятадын Чиндао хотын эрх баригчид хотын бүхий л хүн амыг SARS-CoV-2 вирусийн шинжилгээнд хамруулахаар болсон бөгөөд ингэснээр энэ хотод амьдардаг есөн сая хүн шинжилгээ өгнө гэж ВВС агентлаг мэдээллээ.

 

Хилийн чанадаас эргэн ирсэн хятадуудыг эмчилж байсан эмнэлэгтэй холбоотой 12 хүн халдвар авсан нь тогтоогдсон тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Шинээр илэрсэн 12 тохиолдлын тал хувьд нь ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан гэнэ.

 

Хотын эхний таван дүүрэгт гурав хоногийн туршид, үлдсэн хэсэгт хоёр хоногийн дотор шинжилгээ авах бөгөөд коронавирусийн шинжилгээ өгөхөөр оршин суугчид ихээр дараалал үүсгэн зогсож байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Өмнө нь, коронавирусийн анхны голомтод тооцогддог Ухань хотод олныг хамруулсан шинжилгээ авч байлаа. Тухайн үед, 10 хоногийн дотор Уханийн 11 сая хүнийг шинжилгээнд хамруулсан гэж эрх баригчид мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин