Карабахын дайн: "Эвдрэлцээд" 16 хоног, "эвлэрээд" 3 хоног...
2020-10-13

Уулын Карабахт шинэ дайн дэгдсэний 16 дахь өдөр, Москвад зөвшилцсөн ч газар дээрээ үйлчлээгүй эвлэрлийн гурав дахь өдөр буюу 10 дугаар сарын 12-ны даваа гаригт Арменийн тал амиа алдагсдын нэрсийн жагсаалтад бараг 100 орчим хүний нэр шинээр оруулж, үлэмж хохирол амсав. 

 

Сөргөлдөгч талууд болох Армени, Азербайжан Москва хотноо баасан гаригт уулзан, хэлэлцээ хийж, бямба гаригаас эхлэн гал зогсоох, эвлэрэхээс тохиролцсон ч даваа гаригт Арменийн тал 96 цэргийн нэрийг амиа алдагсдын жагсаалтад ийнхүү оруулсан бөгөөд гэхдээ энэ нь нэг өдрийн дотор амиа алдсан цэргүүд биш, өмнөх өдрийн тоо ч багтсан юм. Учир нь дайны нөхцөлд амиа алдагсдын тухай мэдээлэл хоцорч ирдгийн дээр бүрэн бүтэн мэдээлэл дамжуулахад хүндрэлтэй байдаг аж. Ийнхүү Арменийн тал даваа гаригт жагсаалтыг шинэчилснээр Карабахын дайны үеэр 525 хүнээ алджээ.

 

Харин Азербайжаны тал байлдааны хохирлоо огт мэдээлэхгүй байгаа бөгөөд гагцхүү хэвлэлээр халдлагад өртөж амиа алдсан энгийн иргэдийн талаарх мэдээлэл л цацагдаж байгаа юм. 


Хотуудад өгсөн цохилт 

 

Азербайжаны хотуудад өгсөн цохилтын улмаас нийтдээ 42 иргэн амиа алджээ. Харин Карабахд сөргөлдөгчийн цохилтын улмаас 31 энгийн иргэн амиа алдсан гэж Уулын Карабахын албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн байна. Талууд нэгнээ суурин газрууд руу буудаж, довтолгоо хийх эсвэл сөрөг довтолгоо хийхээр оролдож байгаад буруутгасаар байгаа юм. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын нийслэл Степанакерт хотыг дайн эхэлснээс хойш л үргэлж бөмбөгдөж байсан бол даваа гаригт нам гүм өнгөрчээ. 

 

Оросын урилгаар Москвад сөргөлдөгч талууд хэлэлцээ хийхдээ олзлогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцох зорилгоор эвлэрэлд хүрнэ гэж зарласан ч тэд солилцоо хийсэнгүй, мөн эвлэрсэн ч үгүй.

 

 

 

Уулын Карабах дахь хямрал: 

  • 1988 он- Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхлэв.

  • 1988 оны 07 дугаар сарын 12. Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ.

  • 1988 оны 09 дүгээр сар. Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв.

  • 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхлэв.

  • 1990 оны 01 дүгээр сарын 15. Холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоою.

  • 1991 оны 04, 05дугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

  • 1994 оны 05 дугаар сарын 05. Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ.

  • 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

  • 2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм.

  • 28 дахь удаагийн уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

  • 2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Армений хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв.

  • 2020 оны 07 дугаар сарын 12. Нөхцөл байдал дахин хурцдав. Мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны тал 11 цэргийн алба хаагчаа алдсан бол Армений талаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, 10 цэрэг шархадсан гэж мэдэгдэж байлаа.

  • 2020 оны 09 дүгээр сарын 27. Ээлжит дайн эхлэв.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин