Беларусийн эсэргүүцэл: Хүчнийхэн тэтгэврийнхний эсрэг
2020-10-13

Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн дүнг беларусьчууд эсэргүүцэн, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. 

 

Даваа гаригт эсэргүүцэгчид зам хааж, хаалт хашлага босгон, дугуй шатаасан байна. Мөн өдрийн үд дунд "Эмээ нар ард түмэнтэй хамт" уриатай тэтгэврийнхний марш болж, энэ маршид оюутнууд нэгджээ. Энэ жагсаалын үеэр хууль сахиулагчид мөн л жагсагчдыг баривчлан улмаар нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглан хүч хэрэглэсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гаригийн үдэш нийтдээ 67 хүн баривчлагдсан бөгөөд тэдний дунд баривчилгааны үеэр зодуулж, ноцтой гэмтэл авсан хүмүүс ч байжээ. 

 

Мөн энэ өдөр Беларусийн Дотоод хэргийн дэд сайд Геннадий Казакевич мэдэгдэл хийхдээ хүчнийхэн жагсагчдын эсрэг гал нээхэд бэлэн хэмээн сүрдүүлж байв. "Дотоод хэргийн байгууллагуудын ажилтнууд болон цэргийн алба хаагчид гудамжнаас явахгүй, шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл, байлдааны зэвсэг ашиглана" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларусьт Ерөнхийлөгчийн сонгууль болж, энэ сонгуулиар 26 жил төр барьсан Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсан нь эсэргүүцэл дэгдэх шалтгаан болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин