С.Баасанбаяр: Монголд устгалын үйлдвэрийг яаралтай нээх хэрэгтэй
2020-10-14

 

“Хаягдал аккумляторын байгальд үзүүлэх хор нөлөө, түүнийг шийдвэрлэх гарц” хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр тус сэдвийн хүрээнд илтгэл танилцуулсан "МАДА" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Баасанбаяртай ярилцлаа.

 

-Монголд хуучин аккумлятор хаягдлыг устгах үйлдвэр байдаг уу?

 

-Монголд агаарын бохирдлыг олон жил ярьсан. Гэвч хөрсний бохирдлын талаар нарийн судалгаа хийгээгүй. Хөрсийг бохирдуулагчийн нэг шалтгаан нь хуучин хаягдал аккумлятор болон авто машины батериа юм. Монгол Улс орж ирээд олон жил болсон "prius" маркийн машин 170 мянга ширхэг байгаа.  Энэ тоо жил бүр 30 мянгаар нэмэгдэж байна. Монголд нийтдээ  934 мянган авто машин явдаг. Энэ олон авто машины хуучин аккумлятор, цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй авто машины батериа нь ямарваа нэгэн хараа хяналтгүйгээр хаягддаг. Энэ хаягдлыг 500 орчим цэг цуглуулдаг юм. Түүнийг устгадаг дөрвөн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтаас тодорхой хугацаагаар түр хаасан.

 

-Үйлдвэрүүдийг ямар шалтгаанаар хаасан юм бэ?

 

-Хуучин аккумлятор, батериаг зориулалтын бус орчинд, зориулалтын бусаар устгаж байсан юм. Монгол Улс устгалын үйлдвэрийг яаралтай нээх ёстой. Өнгөрсөн 2019 оны 10 дугаар сард үүнтэй холбоотой стандарт батлагдсан. Стандартын  дагуу тэдгээр үйлдвэрүүд байгуулагдах хэрэгтэй.

 

-Монголд байгаа аккумлятор, батериаг устгахад дөрвөн үйлдвэр хүрэлцээтэй юу?

 

-Монголд хоёр үйлдвэр байхад асуудалгүй. Гагцхүү тэр нь хүн амын суурьшлын бүс байх ёсгүй. Ойр орчмын нэг км радиусад хүн, мал, ус зэрэг байх ёсгүй гэдэг стандарттай. Батерианд байгаа хаягдлыг урсгаж хаядаг. Стандарт шаардлагыг биелүүлэхэд тийм ч хүнд биш.

 

-Одоогоор дотоодод устгах боломжгүй юм байна. Өөр улсад устгуулах боломж бий юу?

 

-Монгол  Улс 2003 онд Базелийн конвенцид нэгдсэн. Энэ нь ямар учиртай гэхээр тухайн улс орон хөрш орнуудынхаа газар нутгаар аюултай, хог хаягдал ачааг тээвэрлэхгүй байх үүрэг хүлээдэг. Тиймд Монгол Улс хуучин аккумлятор, батериаг Хятад, Орос улсын нутгаар тээвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс жилд 70 мянган хуучин шинэ машин орж ирдэг. Нийт 934 мянга гаруй авто машинаас хаягдаж байгаа авто машины батериаг дотооддоо устган, дахин боловсруулах үйлдвэр байгуулахаас өөр аргагүй. Жилд 70 мянган авто машин орж ирж байгаагаас 30 мянга нь "приус" байна. Тэдгээр машинуудын 85 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай хэт хуучин машинууд юм. Батериа нь үйлдвэрээс гарахдаа найман жилийн баталгаат хугацаатай. Харин Монголд орж ирэхдээ 10 жил эдлэгдчихээд орж ирнэ гэдэг бол Монгол Улс энэ төрлийн хаягдлыг цуглуулаад байна гэсэн үг.

 

Иймээс Монгол Улс үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Цаашид хэт хуучирсан олон машин оруулах тоог бид цөөрүүлэхээс өөр аргагүй. Үүнийг цөөрүүлж байж тэдгээр хаягдал аккумлятор, батериан асуудлаа шийднэ.

 

-Хаягдал батериаг устгахгүй байх нь ямар хор нөлөөтэй вэ?

 

-Хамгийн энгийндээ дэлбэрэх аюултай. Дотор нь агуулагдаж байдаг төрөл бүрийн бодис ууршиж агаар болон хөрсөнд нөлөөлнө. Тэгэхээр тэр орчмын гүний ус, эко систем өвс ургамалд нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Хүнд  агаараар шууд нөлөө үзүүлнэ. Үүний хор агаарт нэгдсэнийг хэн ч мэдэхгүй амьдарч байна.


-Үйлдвэр байгуулахад хэрэгцээтэй тоног төхөөрөмж манайд бий юу?

 

-Одоо байгуулчихсан нэг үйлдвэрийн тоног төхөөрөмжид жаахан хөрөнгө оруулалт хийчихвэл болох юм билээ. Энэ үйлдвэр ажиллагаа явуулахгүй байгаа шалтгаан гэвэл үйлдвэрийн тал нь суурьшлын бүсэд байгаа учраас шаардлага хангаж чадахгүй байна. Дараагаар нь ууршилт, хорт бодисыг хадгалах агуулах байхгүй. Дээрээс нь ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангасан хөдөлмөр аюулгүйн журам байхгүй юм билээ. Хаягдлыг дахин боловсруулах, тээвэрлэхэд тусгай тээвэрлэлт хэрэгтэй байдаг. Эдгээр асуудлаа шийдчихвэл асуудалгүй ажиллах боломжтой.

 

-Хаягдлын дахин боловсруулалтыг юунд хэрэглэдэг юм бэ?

 

-Хаягдлаас  4 төрлийн бодисыг химийн аргаар ялган авдаг. Үүнээс ялгарч буй химийн элементийг дахиж ашигладаг. Үүнд тээвэрлэлтийн асуудал байдаг. Нэг тонноос дээш тээврийн машинаар урд хойноо цагдаагийн хамгаалалттай явах ёстой. Нэг тонн хүрэхгүй бол тусгай зориулалтын машинаар авч явна. Бид 10 гаруй жил нүүрс гэж онцлоод байсан боловч хамгийн том аюул нь энэ болчихсон байгаа юм. Тэгэхээр зөв ойлголтыг нийгэмд өгье,  хувийн хэвшил төрийн байгууллагууд ойлголтоо нэг болгох зорилготой байна.  

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
irgen baina:
Hayagdal battery vneheer ayul shvv, ene heden zuun myangan Prius, Hybrid mashinuudaa ymar ch shalguurgvi oruulj irehee yaraltai zogsooh heregtei bn!!!!!!!!!!!!!!
2020-12-21
олон жил донгосч байгаа юм, юу ч хийдэггүй. бүх аюултай хог хаягдал зүээр хэвтэж л байгаа
2020-10-14
х:
байлгах хэрэгтэйштээ\
2020-10-14