COVID-19: ОХУ-д амны хаалтгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хориглов
2020-10-16


Дэлхий дахинаа тархсан коронавирусийн цар тахлын улмаас улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин чангатгаж эхэллээ. COVID-19 вирусийн халдварын тохиолдлоор хамгийн өндөрт тооцогдож буй орнуудын нэг болох Оросын Холбооны Улс өнөөдрөөс эхлэн коронавирусийн тархалтыг хязгаарлах тал дээр өмнө нь авч хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээг сэргээхийн дээр нэмэлт хязгаарлалтуудыг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. 

 

Амны хаалтгүй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэх эрхгүй 


Оросын нийслэл Москва хотын нийтийн тээврээр хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй зорчигч төлбөрөө төлсөн ч зорчихыг хоригложээ. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-ны баасан гаригаас эхлэн хотын тээврээр үйлчлүүлэх хүмүүсийг амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байгаа эсэхийг шалган, журам зөрчсөн иргэдийг нийтийн тээврийн хэрэгсэл рүү оруулахгүй байхаар болсон байна.

 

Москва хотын нийтийн тээврийн газраас гаргасан мэдэгдэлд " Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Москва хотын эрүүл ахуйн ерөнхий эмчээс зааварчилгаа авсан. Шинэ арга хэмжээ хэрэгжиж эхлэнэ. Тээврийн хэрэгсэл рүү хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй иргэнийг төлбөрөө төлсөн байсан ч нэвтрүүлэхгүй. Зорчигчид амны хаалт зүүж, бээлий өмсөх ёстой. Энэ журмын хэрэгжилтэд тавих хяналтыг чангатган, ойр ойрхон шалгалт хийх бөгөөд шалгах ажилд хууль сахиулах байгууллагын ажилтнууд оролцоно" хэмээжээ. Түүнчлэн, хоын нийтийн тээврийн жолооч болон бусад ажилтнууд өмнө нь коронавирусийн тестэд тогтмол хамрагддаг байсан бөгөөд цаашид ч ийнхүү шинжилгээ өгөх гэнэ. 

 

Энд дуулгахад, Москва хотод тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн амны хаалт зүүх, бээлий өмсөх журам хэрэгжиж эхэлсэн. Иргэд нийслэлийн нийтийн тээвэр болон төмөр замын буудлууд дээр амны хаалт зүүж, бээлий өмсөх үүрэгтэй. Энэ журмыг зөрчвөл торгууль хүлээлгэх бөгөөд журам үйлчилж эхэлснээс хойш таван сарын хугацаанд амны хаалт, бээлийгүй явсан зорчигчидтой холбоотой 95,9 мянган торгуулийн тогтоол гаргаж, нийт 479,5 сая рублийн торгууль ноогдуулжээ. 

 

Шөнийн цэнгээний газруудын цагийг хязгаарлав

 

Москва мужид клуб, караоке, зоогийн газруудыг шөнийн цагаар ажиллахыг хоригложээ. Мужийн захиргаанаас гаргасан тогтооолд "заасан цагт цэнгээний арга хэмжээ зохион байгуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар иргэд Москвагийн цагаар 00:00-08:00 цагийн хооронд үйлчлүүлэхийг түр зогсоох" талаар заасан байна. Цэнгээний арга хэмжээ гэдэгт бүжиг, караоке зэрэг бусад арга хэмжээнүүд багтаж байгаа бөгөөд энэ журам 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үйлчлэх юм байна.

 

Одоогийн байдлаар энэ бүс нутагт хязгаарлалтын багц арга хэмжээ үйлчилж байгаагийн дотор олон нийтийн газарт амны хаалт зүүх, хүмүүс хоорондын зай баримтлах, 3000-аас дээш үзэгч, талбайн 50 хувиас дээш дүүргэлттэй үед спорт, биеийн тамир, үзвэрийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаа юм.

 

ОХУ дахь цар тахлын нөхцөл байдал 

Цар тахал дэгдсэнээс хойш хойд хөршид нийтдээ 1 354 163 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс өнгөрсөн хоногт 13 754 тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн хоногт 286 хүн нас барсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Халдвар дэгдэж эхэлснээс хойш нийтдээ 23491 хүн нас баржээ.

 

Нийслэл Москва хотод коронавирусийн халдварын тохиолдол нийт 347 946 бүртгэгдсэнээс 3942 нь сүүлийн хоногт нэмэгдсэн байна. Москвад халдварын тархалт өндөр байгаа тул шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх хүмүүст QR кодоор таниулах системийг 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэх бөгөөд цаашлаад төрийн байгууллагуудад ч энэ системийг нэвтрүүлж магадгүй талаар ТАСС агентлаг мэдээлжээ.  

 

Энэ долоо хоногт ОХУ коронавирусээс сэргийлэх хоёр дахь вакцинаа бүртгэсэн. Вектор төвийн вакцин болох "ЭпиВакКорона" вакцин турших зөвшөөрлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яам  долдугаар сарын 24-нд олгож, өнгөрсөн сарын 30-ны өдөр вакцины патентыг олгож байв. Түүнчлэн гурав дахь вакцины туршилтын ажил явагдаж байгаа юм. ТАСС агентлагийн мэдээлснээр 11 дүгээр сарын сүүлээс бүх нийтийг вакцинжуулалтад хамруулж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин