Трамп: Эрх мэдлээ шилжүүлэхэд бэлэн ч ялна гэж найдаж байна
2020-10-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа ч 11 дүгээр сард болох сонгуульд ялна гэж найдаж байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр пүрэв гаригийн орой Майами хотын сонгогчидтой уулзах үеэрээ мэдэгдсэнийг NBC телевиз дамжуулжээ.

 

"Тайван замаар эрх мэдлийг шилжүүлэхийг би үнэхээр хүсч байна. Гэхдээ би эрх мэдлийг шилжүүлэхийг хүсэхгүй байна, учир нь ялахыг хүсч байна" хэмээн Трамп мэдэгджээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болох бөгөөд сонгуульд Бүгд Найрамдах Намаас өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нар өрсөлдөж байгаа юм. Цар тахлын улмаас олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ирэх сонгуульд шуудангаар санал өгөх аргыг өргөн ашиглах талаарх Ардчилсан нам санал болгож байв. Харин үүнийг Трамп хэдэнтээ шүүмжилж байлаа. Шуудангийн хайрцгаар санал өгөх нь саналын дүнг тодорхой, шуурхай гаргах боломжгүй байдлыг үүсгэнэ гэж Трамп үзэж байгаа юм. Түүнчлэн саналын хуудсыг луйвардах, сонгуульд оролцох эрхгүй хүмүүсийг жагсаалтад оруулах зэрэг олон сөрөг талтай гэж Дональд Трамп үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин