COVID-19: Дэлхий даяар халдварын тоо 40 саяыг давж, Италид хөл хорио тогтоов
2020-10-19

 

Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлын нөхцөл байдал намжих шинжгүй, улс орнуудад халдварын тохиолдол дахин өссөөр байна. Тиймдээ ч дэлхийн, тэр дундаа Европын орнууд коронавирусийн халдварын дэгдэлтийг тогтоон барих зорилгоор шинээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа юм. 

 

Италийн хотууд хөл хорих цаг тогтоож болзошгүй 

 

Халдварын тоогоор Европдоо дээгүүрт бичигдэж буй Итали улс нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд хөл хорих цаг тогтоох боломжийг нээсэн байна. Тодруулбал, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдэл хийхдээ 10 дугаар сарын 18-ны ням гаригийн 21:00 цагаас эхлэн Италийн хотуудын дарга нар орон нутаг дахь тахлын нөхцөл байдлаас үүдэн. хөл хорих цаг тогтоох эсэх шийдвэрийг өөрсдөө бие даан гаргах эрхтэй болсныг онцолжээ. 

 

Түүнчлэн Итали улсад нийтийн хоолны салбарт хязгаарлалт үйлчилж эхэлсэн бөгөөд баарууд 18:00 цаг гэхэд хаалгаа барих ёстой бол зоогийн газар болон бусад нийтийн хоолны үйлчилгээний байгууллагууд шөнө дунд хүртэл ажиллаж болох бөгөөд гэхдээ нэг ширээнд зургаагаас дээш тооны үйлчлүүлэгч суухыг хоригложээ. Мөн гудамжны аялан тоглолтын наадмууд, үзэсгэлэн яармагуудыг бүгдийг зогсоосон байна.

 

Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгах болсон нь тус   улсад коронавирусийн халдварын тохиолдол эрс өсч байгаатай холбоотой юм. Ням гаригт Италид хоногт 11,7 мянган халдварын тохиолдол шинээр илэрчээ. Тиймээс дахин бүх нийтээр хөл хорионд суухгүйн тулд коронавирусээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг чандлан мөрдөхийг Италийн Ерөнхий сайд ард түмэндээ хандан уриалсны дээр цаашид ч хөл хорионы арга хэмжээг чангатгахыг үгүйсгээгүй байна.

 

Италид цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол 414 мянгыг давсан бол ням гаригт 11 705 тохиолдол шинээр илэрчээ. Нийт халдвар авсан хүмүүсээс 251 мянга нь эдгэрсэн бол 36 543 хүн нас барсан байна. 

 

Словак 10-аас дээш насны бүх хүнд тест хийнэ 

 

Словакийн Засгийн газар 10-аас дээш насны бүх хүнд коронавирусийн тест хийхээр төлөвлөжээ. Хүн амыг олноор нь тестэд хамруулахын тулд 8000 цэргийн алба хаагч, 50 000 төрийн алба хаагч, тэр дундаа цагдаа, гал сөнөөгчид дайчлагдана гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Ярослав Надь мэдэгдсэн байна. Тестийг энэ сарын 23-25-ны хооронд шинэ голомтуудад хийх бөгөөд дараа нь хамрах хүрээг өргөжүүлэх аж.

 

Коронавирусийн тестэд аль болох олон хүн хамруулах нь чухал бөгөөд эс бөгөөс үндэсний хэмжээнд хөл хорих хувилбар л үлдэнэ гэж Словакийн Ерөнхий сайд Игорь Матович мэдэгдсэн байна. Тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 29 835 бүртгэгдсэнээс 88 хүн нас барж, 7359 хүн эдгэрчээ. 

 

Чехд хязгаарлалтыг эсэргүүцэн жагсав 

 

Чехийн нийслэл Прага хотноо хөл бөмбөгийн фанат болон хоккей сонирхогчид нийлсэн 2000 гаруй хүн коронавирусийн улмаас спортын салбарт тавьсан хязгаарлалтуудыг эсэргүүцэн жагсчээ. Хотын төвд болсон жагсаалыг хууль сахиулагчид тараах гэсний улмаас мөргөлдөөн гарч, 12 хүн баривчлагдсан байна.

 

Чехд 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатайгаар олон улсын тэмцээнээс бусад аливаа спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Тус улсын Ерөнхий сайд Андрей Бабиш иргэддээ хандан аль болох гэртээ байхыг уриалж байна. Энэ улсад 171 487 хүн коронавирусийн халдвар авснаас 1402 нь нас барж, 69 090 хүн эдгэрчээ.

 

Харин дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо Worldometer цахим хуудсын тооцооллоор 40 саяыг хэдийнэ давж 40 262 988 болжээ. Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар 1 118 154 хүн нас барсан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОДОО СОНГУУЛЬ ДУУССАН. ЯЛСАН МАН АЖЛАА ХИЙ. КОВИДЫН ХАЛДВАР ДАХИН ДЭГДЭЖ БАЙНА. ХӨДӨӨ ГАДААГҮЙ АРХИДАЛТТАЙ ХАТУУ ТЭМЦ. БАР САВ, ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ 23:00 ХҮРТЭЛ АЖИЛЛАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. АЖИЛГҮЙДЭЛ АРХИДАЛТ ХОЁР БОЛ ХҮЙН ХОЛБООТОЙ ҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ОЛОН СӨРӨГ ДАГАВАРУУД ГАРНА.
2020-10-19
Монголд ч хөл хорио тогтоох хэрэгтэй. Ялангуяа бар рестораныг 22:00 цаг хүртэл, шөнийн диско клубүүдийг 23:30 хүртэл болгох хэрэгтэй. Ер нь архи дарс ууж согтуурсан хүмүүс л хамгийн их халдварт өртөх өндөр эрсдэлтэй. Тэд буудлаар явна, гэртээ ирнэ, ажилдаа очно гээд халдварыг тарааж өгнө.
2020-10-19