Ч.Бат-Эрдэнэ: Дэлхийн шилдэг кинонуудыг үзэх боломжийг олгож байна
2020-10-20

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн соёл урлагийн газар,  монголын урлагийн зөвлөл Швейцарын хөгжлийн агентлаг, номадиа пикчерс ххк-тай хамтран БНФУ-ын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали Улсын Элчин сайдын яам, монгол дахь гёте институт, тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын  19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

 

Уг кино наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг уран бүтээлийг монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, уран бүтээлчдийг олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж иржээ.

 

 

Энэ жилийн наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулах юм байна. 

 

Энэ жил наадмын агуулга цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих зорилгоор  “Үзэхийн хязгаар” шинэ хэсэг нэмэгджээ.

 

Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээгдсэн энэхүү киног архивын ерөнхий газар, номадиа пикчерс ххк-ны “Монгол кино HD” төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна.

 

Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдын шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх бас ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог аж.

 

 

УБОУКН-ын уран сайхны удирдагч, кино найруулагч ардын жүжигчин Г.Жигжидсүрэн:

 

-Монголын залуу уран бүтээлчдийн хийж байгаа бүтээл чанарын хувьд  сайжирч байна. Энэ жилийн шалгарч үлдсэн кинонуудаас харахад өмнө жилүүдийнхээс олон талын дэвшилттэй байгаа нь харагдаж байгаа.  “Улаанбаатар” олон улсын кино наадам монголын залуу уран бүтээлчдэд өгөөжөө өгсөн кино наадам болж байна.

 

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ:

 

-12 дахь удаагийн  “Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулагдаж байна.  Кино урлаг, кино урлагийн хөгжлийг дэмжих, монголын кино урлагийг дэлхийн кино урлаг болгох мөрөөдөлтэй эхэлсэн. Коронавирус цар тахлын энэ үед  ч гэсэн олон улсын кино наадмаа тасалдуулахгүй гэсэн зорилготой хийж байна. Олон улсын шүүгчид кино наадамд маань цахимаар оролцож байгаа. Нилээдгүй хүнд үе байгаа ч энэ кино наадмыг хугацаанд нь зохион байгуулах гэж олон байгууллага хамтран зохион байгуулж байна.

 

Энэ жилийн кино наадам өмнө жилийн кино наадмуудаас “Үзэхийн хязгаар” гэх шинэ хэсгийг бий болгосноороо онцлогтой. “Үзэхийн хязгаар” шинэ хэсэгт монголын хуучны кинонуудыг HD форматаар шинэчилж үзэгчдэд хүргэх зорилготой. “Улаанбаатар” олон улсын кино наадам монголын үзэгчдэд дэлхийн шилдэг кинонуудыг үзэх боломжийг олгож байгаа.

 

 

 М.Насан

Shuud.mn
Сонин хачин