А.Амарбаяр: Гаднын том компаниудыг хүрч болохгүй оргил гэж битгий хараарай
2020-10-20 10:06

 

 

Дэлхийн нэртэй "Twitter", "Amazon", "Apple" компанид ажиллаж байсан, инженер А.Амарбаяртай ярилцлаа.

 

-Та Монголд хэзээ ирсэн бэ?

 

-Гурван сарын өмнө Монголд ирсэн. Нэг хэсэг Монголдоо байх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь дэлхий дахинд цар тахал гарч Монгол Улс маань хамгийн аюулгүй орон болсон.

 

-Одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?

 

-12 жил технологийн гаднын компаниудад ажиллалаа. Энэ хоорондоо олон ч хүмүүстэй танилцлаа. Сүүлийн таван жилд технологийн салбарт ажиллах Монгол залуучууд нэмэгдэж байна. Тэдэнтэй хамтраад Монголын технологийн компани, жижиг дунд бизнесүүд, start up, төрийн цахим шилжилтийн төсөл “eMongolia”  аппликейшн гээд технологийн том шилжилт хийгдэж байна. Энэ зүйлсэд яалт ч үгүй  гаднын туршлага хэрэг болдог. Зөв хийгээд байна уу, буруу хийгээд байна уу гэдгээ зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай. Иймээс зөвлөх үйлчилгээ өгөх зорилготой консалтинг компани Монголдоо байгуулчихсан. Одоогоор дэлхийн таван орноос 20 Монгол залуус, мэргэжлийн боловсон хүчинтэй  ажиллаж байна.

 

Үүнээс гадна технологийн компани байгуулж байна. Энэ нь аппликейшнг хялбар ажиллагаатай, сайн, найдвартай аппликейшн хийж өгөх зорилготой.

 

-Судалгааны ямар ажил хийж байгаа вэ?

 

-Судалгааны ажил AR, VR  технологид  судалгаа хийж боловсрол, эрүүл мэнд, урлаг уран сайхны салбарт энэ технологийг ашиглан яаж шинэлэг шийдлүүдийг авчирч болох вэ талаар судалгааны ажилд орчихсон.

 

-Сургуулиа хаана төгссөн бэ?

 

- Ахлах сургуулиа төгсөөд 2006 онд АНУ-ын Хойд Дакота мужийн Дикенсоны их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. 2014 оны зургадугаар сараас Айова мужийн Фэйрфиелд хотод магистрт суралцсан.

 

 

 

-“Amazon”, “Apple” компанийн инженерээр ажиллаж байсан. Саяхан Twitter компанид ажилласан гэсэн. Тэнд ямар ажил хариуцдаг байсан бэ?

 

-Хамгийн сүүлд Сиэтл хотын “twitter” компанид ажиллаж байгаад ирсэн. Facebook, google-тэй адилхан реклам зар сурталчилгаанаас мөнгө олдог компани. Түүнийх нь мөнгө олж ирдэг үндсэн системийн дэд бүтцийг хариуцан баг ахлан ажиллаж байсан юм. Мөн дэлхийг тойрон аялангаа ажиллаж болдог.

 

-Анх оюутан болсон түүхээсээ хуваалцаач?

 

-Аав, ээж маань байдгаа барьцаалж, зээл аваад бусдын адил сургууль явуулсан. Ингэхдээ  эхний улирлын сургалтын төлбөр, замын зардлын мөнгө өгөөд  “миний хүү үргэлжлүүлээд сурч чадвал тэр биз, чадахгүй бол буцаад ирээрэй” гээд Монгол дээл, малгай, буриад гутал өмсүүлээд явуулсан.

 

Би Монголд байхдаа academic  хэл сайн байсан учраас очоод алзахгүй гэж бодсон ч онгоцны буудал дээр буугаад л тасралтгүй англи хэл сонсоход ойлгохгүй байсан. Чих маань онгойгоогүй байсан юм билээ. Хичээл номоо ч ойлгохгүй нэг хэсэг явсан. Сүүлдээ хүрээлэл дэх Монгол хүмүүсээс холдож англиар ярьдаг хүмүүсээр хүрээлүүлж эхэлснээр хичээлээ ойлгож, хэл маань улам сайжирсан.

 

-Төлбөрөө үргэлжлүүлэн төлсөн юм байна. Яаж болгосон юм бэ?

 

-Нэг л өдөр мөнгөгүй болж сургуулиасаа гарах дээрээ тулсан юм. Тэр үед  хар ажил хийж, харлаад мөнгө олъё гэх бодолд автсан. Ингээд хар ажил хийхээр өөр хотыг зорихоор автобусанд суух гэтэл унааны мөнгө байгаагүй. Тэр өдөржингөө юм бодож хоноод, жаахан унтаад сэрэхдээ би шал өөр хүн болж толгойд нэг санаа орж ирсэн. Тэр нь сургуулийн Ерөнхийлөгч руу захиа бичих байсан. Захиандаа тохиолдсон зүйлсээ үнэнээр нь бичиж, харлаж ажиллахаар болоод байгаагаа ч тусгаад нарийн бичигт нь өгсөн. Хариу ирэхийг хүлээн хэд хоног сурах явцдаа яаж орлоготой, амьдрах газартай, өлсөхгүй байх уу гэж бодсоор оюутны дотуур байрны зөвлөх, туслах болохоор шийдсэн. Энэ нь дотуур байранд амьдардаг хүүхдүүдээс хэсэглэн хариуцаж авна. Тухайн хариуцсан хэсгийн хүүхдэд тохиолдож буй тулгамдсан асуудлыг шийдэхэд тусалж, хандах ёстой хүмүүстэй нь холбож өгдөг юм. Хэрвээ энд хамрагдвал дотуур байр болон хоолыг 100 хувь хүртэл хөнгөлүүлэн амьдрах боломжтойг судалж мэдсэн.

 

Удалгүй сургуулийн Ерөнхийлөгч намайг дуудаж, “чиний сурлага сайн юм байна. Чамд хичээл ордог бүх багш нартай уулзаж чиний талаар асуусан. Үүний дүнд чамд үнэхээр санхүүгийн асуудал тулгарч, сурах боломжгүй болсныг ойлгон сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг өгөхөөр боллоо” гэсэн. Ингээд би сурч төгссөн. Төгсөлтийн баяр дээр сургуулийн Ерөнхийлөгч үг хэлэхдээ намайг онцоллоо. “Энэ нөхөр харлах гэж байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ сургуулийн хамгийн залуу төгсөгч нь болоод сургуулиа төгсөж байна” гээд л. Би 18 настай бакалавраа төгссөн юм.

 

-Гаднын томоохон компаниудад ажиллахаар зорьж байгаа залуучууддаа хандаж юу зөвлөх вэ?

 

-Энэ компаниудыг хүрч болохгүй оргил гэж битгий хараарай. Үүнийг бизнес гэж харах хэрэгтэй. Тэд адилхан л бизнес хийж байгаа компаниуд шүү дээ. Бизнес хийдэг газруудад хэрэгцээ шаардлага үргэлж бий болдог. Тэр хэрэгцээний нэг нь болох гэж байна. Тиймээс өөрийнхөө түвшинд авчраад зэрэгцээд харах хэрэгтэй. Тэр хэрэгцээ шаардлага нь болохын тулд би юу хийх хэрэгтэй вэ гэдгээ бодож үзээд, тухайн компани чинь ямар хүн хүсэж байна, ямар хүнийг хайж байна вэ гэдгийг нь эхний ээлжид судлах чухал. Шалгууруудынх нь аль алийг би хангаж байна вэ, алийг нь хангахгүй байна вэ гэдгээ жагсааж бичээд хангаж чадахгүй байгаа зүйлсээ нөхөхийн тулд өнөөдөр юу хийх хэрэгтэйгээ төлөвлөчихвөл их амархан. Санаа зовж, хүрч болохгүй оргил гэж битгий хараарай. Монгол залуучууд оргилд нь хүрч чадна.

 

-Ярилцсанд баярлалаа.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yrilchlaga n xoorxon umaa.
2020-10-20
konor:
ene ikh mundag zaluu
2020-10-20