“City” хамтлаг нэрээ сольж “RN” боллоо
2020-10-20

 

 

“RN” буюу  “The Raisins&Nuts” залуучуудын хамтлаг хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр “RN” хамтлагийн продюсер Б.Наранзун:

 

-Хоёр жилийн өмнө дэлхийн алдартай “Voice of Mongolia” шоу эхэлсэн. Энэ шоу олон зуун залуусыг урлагийн салбарт хөтлөх, урам зориг өгөх зорилготой. Энэ тэмцээнээс шалгарсан таван залуу дөрвөн сарын өмнө ирээд “Бид хамтлаг болох зорилготой байна” гэсэн  саналаа хэлж байлаа. Уран бүтээлдээ яаралтай орох хүсэл нь оволзсон залуучууд учраас ажлын хажуугаар ярилцаж, тохиролцоод тэдний юу хүсэж байгааг асуун, залуучуудын хамтлагийг байгуулах үүрэг хүлээсэн юм.

Хамтлагийн нэрийг сонирхолтой байлгах үүднээс “The Raisins&Nuts” гэж өгсөн. Хүн болгоны таашаах мэдрэмж өөр. Зарим нь чихэрлэг амттанд дуртай бол зарим нь исгэлэн, гашуун гээд ялгаатай. Энэ залуучуудын онцлог, зан чанарыг ажихад өөр өөр байсан учраас “үзэм ба самарнууд” гэж өгсөн учиртай.  Шинэ нэр нь хэлэхэд урт учраас “RN” гэж товчилсон. Та бүхэнд “RN” хамтлагийг танилцуулахад баяртай байна гэлээ. 

Гэрэл зургуудыг MPA.mn

Хамтлагийн бүрэлдэхүүн:

  • Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр

  • Хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэ

  • Хамтлагийн гишүүн Б.Батбаяр

  • Хамтлагийн гишүүн Э.Ганбилэг

  • Хамтлагийн гишүүн Г.Мөнх-Эрдэнэ                                                                                                                                                                     

 

Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр:

 

-Манай хамтлагийн үүсэл нь дөрөвдүгээр сарын 04-ний өдөр “City” нэртэйгээр байгуулагдсан. Б.Наранзун ахтай хамтарч ажиллаж байгаад “The Raisins&Nuts” хамтлагийг үүсгэлээ. Анх хамтлаг маань дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөсөн. Харин одоо таван хүний бүрэлдэхүүнтэй байгаа.

 

Хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэ:

 

-Шинэ уран бүтээлээ хоёр хоногийн өмнө цацсан. Бид их хүлээлттэй байлаа. Дууны утгын тухайд маш их хайртай хүндээ хаягдчихаад өмнөх дурсамжуудаа эргэн санан, шаналж, зүүдэндээ уулзаж, маш их шаналсан агуулгатай дуу юм.

 

Хамтлагийн гишүүн Э.Ганбилэг:

 

-Шинэ уран бүтээлийг ар араас нь гаргах болно. Наранзун ахтай цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа. Манай анхны дуунд дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа. Удахгүй шинэ уран бүтээлээрээ эргэн уулзъя.

 

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин