Энэтхэг цар тахлыг сөрөхийн тулд агаарын бохирдолтой тэмцэж байна
2020-10-20

Дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа орнуудын нэг, түүнчлэн агаарын бохирдлоор дээгүүрт ордог Энэтхэг улс коронавирустэй тэмцэхийн тулд экологидоо анхаарахаас аргагүй болжээ. Учир нь бохирдсон агаар коронавирусийн цар тахлыг илүү аюултай болгодог гэж эрдэмтэд анхааруулсаар байгаа тул ийнхүү агаарын бохирдолтой нэн яаралтай тэмцэх ажилд Энэтхэгийн эрх баригчид орсон байна. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Засгийн газар агаар дахь тоосонцортой тэмцэх, хөдөө аж ахуйн салбарын ургамал шатаахаас үүддэг утааг багасгах ажлуудыг хийх, иргэд орчны бохирдолтой гэж үзэж буй газруудын зургийг аван баталгаажуулж илгээх апликейшн гаргах зэрэг цогц арга хэмжээ эхлүүлэхээр болжээ.

 

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хот дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлүүдийн нэг юм. Мөн энэ хотод цар тахал эхэлснээс хойш халдварын 285 мянган тохиолдол илэрснээс 5,5 мянган хүн нас баржээ. 

 

Нью-Делигийн агаарын бохирдлын шалтгаан 

 

Энэтхэгийн нийслэлд жил бүр 10-11 дүгээр саруудад агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг. Бохирдлын оргил үеэр агаар дахь РМ2.5 гэх эрүүл мэндэд нэн аюултай хэсгүүдийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин нэмэгддэг аж. 

 

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс хотын эрх баригчид тэгш сондгой дугаараар автомашиныг зорчуулах арга хэмжээ авдаг ч энэ нь бодит байдал дээр ямар ч үр дүнгүй гэж 2019 оны 11 дүгээр сард Энэтхэгийн дээд шүүх мэдэгдэж, эрх баригчдыг сонгуульд л анхаарахаас биш дорвитой арга хэмжээ авдаггүй хэмээн буруутгаж байлаа. Автомашиныг дугаарын хязгаарлалтаар явуулах арга хэмжээ жил бүр 11 дүгээр сарын 15 хүртэл үйлчилдэг аж. Гэсэн ч автомашины угаарын хий Дели хотын бохирдлын түвшинд төдийлөн нөлөөлдөггүй гэж шинжээчид үздэг юм. 

 

Нийслэлд үүссэн агаарын бохирдол нь шинээр суулгацад бэлдэхийн тулд ургац хураасны дараа тосгодод тариан талбайг ихээр шатаадагтай холбоотой гэж судлаачид үздэг юм байна.

 

Одоогоос 11 жилийн өмнө Дели хоттой хөрш орших хоёр муж хөрсний усыг хамгаалахад чиглэгдсэн хууль баталжээ. Ингэснээр нутгийн тариалан эрхлэгчид дөрөвдүгээр сарын сүүлээр будаа суулгадаг байснаа больж борооны улирал тааруулан, борооны усаар талбайгаа услахын тулд долдугаар сард тариалалтаа эхэлдэг болсон байна. 

 

Ингээд тариалалтаа хойшлуулсны улмаас 10 дугаар сард ургацаа хурааж, дараагийн суулгацад талбайгаа бэлдэхэд маш давчуу хугацаа үлдэх болсон тул хамгийн хялбар аргаар талбайгаа цэвэрлэхийн тулд үлдэгдэл ургамлыг шатаадаг болжээ. Улмаар, чухамхүү яг энэ үеэр Энэтхэгийн хойд хэсэгт салхины чиг өөрчлөгддөг бөгөөд тариалангийн талбайгаас гарсан асар их утаа Дели болон ойролцоох газруудыг бүхэлд нь бүрхдэг болсон аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин