Улирлын томуугийн вакцинжуулалт 74 хувьтай байна
2020-10-21

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллийн цагаараа хүргэсэн томуу томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангийн зөвлөгөөг хүргэж байна.

 

-Томуу томуу төст өвчин өнөөдрийн байдлаар ямар байна вэ?

 

-Томуу томуу төст өвчин амбулаторийн  үзлэгийн 3 орчим хувийг эзэлж байна. Аймаг болон нийслэлд өвчлөл өнгөрсөн долоо хоногийг бодвол бага зэргийн нэмэгдсэн байгаа. Лабораторийн тандалтаар томуугийн сонгомол вирус орчилд орж ирээгүй байна. Томуу томуу төст өвчнийг үүсгэдэг вирус орчилд байгаа.

 

-Хэдэн насны хүүхдэд томуу томуу төст өвчин зонхилон тохиолдож байна вэ?

 

-Томуу томуу төст өвчнөөр нийт өвчлөлийн 85 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүнээс 65 орчим хувь нь  4 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл эзэлж байгаа.

 

Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдээс томуу, амьсгалын замын хүнд халдвараар өвчилж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Үүнээс 1 хүртэлх насны хүүхдүүд 37 орчим хувийг эзэлж байгаа. Өмнөх долоо хоногтой харьцуулбал нэг хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл бага зэрэг нэмэгдсэн байдал ажиглагдаж байна.  

 

-Хэрхэн томуу томуу төст өвчнөөс сэргийлэх вэ?

 

-Гэр бүлийн гишүүд бага насны хүүхдэд томуу томуу төст өвчнийг халдаах бүрэн боломжтой. Гаднаас орж ирээд гадуур хувцсаа бүрэн сольж, гараа угааж, хоолойгоо зайлсны дараа гэрт байгаа хүүхдүүдтэй харилцах хэрэгтэй. Энэ нь томуу томуу төст өвчин болон амьсгалын замын өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой.

 

Коронавируст халдвар гарсантай холбогдуулаад амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласны дүнд томуу томуу төст өвчнийг богино хугацаанд тав дахин бууруулж чадсан. Хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга бол гараа угаах, амын хаалт зүүх, томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах, шаардлагагүй бол гадуур гарахгүй байх  зэрэг аргыг хэрэглэвэл  томуу томуу төст өвчнөөс сэргийлэх, цаашлаад хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

 

Тиймээс та бүхэн улиралдаа тохируулаад дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжиж, бүлээн шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй.

 

-Томуу томуу төст өвчний вакцинжуулалт хэдэн хувьтай байна вэ?

 

-Улирлын томуугийн вакцинжуулалт 74 хувьтай байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн вакцинд хамрагдах нь бага байгаа. Энэ нь томуугийн вакцин биш, коронавирусийн вакцин турших гэж байгаа зэрэг олон цуурхлаас үүдэн  вакцинд хамрагдах нь бага байна.

 

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн вакцин хамруулах, жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэвэл ургаа томуугаас сэргийлэх бүрэн боломжтой.  Энэ нь олон улсын судалгаагаар батлагдсан байдаг. Төв, Өмнөговь, Баянхонгор аймгуудад вакцинд хамрагдах нь бага байна.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин