ОХУ сар руу нисэх пуужинд 1,5 тэрбум рубль зарцуулна
2020-10-21

Сар руу нисгэхэд зориулагдсан "Енисей" нэн хүнд пуужин тээвэрлэгчийн техникийн төслийг боловсруулахад Орос улс 2020-2021 онуудад 1,5 тэрбум рублийг зарцуулна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын "Роскосмос" сансрын агентлаг нэн хүнд "Енисей" пуужин болон түүний илүү даацтай хувилбар болох "Дон" пуужингийн төслийг гаргаж байгаа аж. "Енисей" пуужин дэлхий орчмын задгай сансарт 100 тонноос багагүй, саранд 27 тонн ачаа хүргэх чадвартай бол "Дон" пуужин тус бүр 140 тонн болон 33 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.

 

Оросын дэд сайд Юрий Борисовын мэдэгдсэнээр пуужин бүтээх хөтөлбөр 1,7 их наяд хүртэлх хэмжээний рублийн зардалтай байх аж. Харин дээрх хоёр пуужингийн өртөг хэд байх талаар мэдээлэл өгөөгүй байна.

 

Харин "Роскосмос"-ын Ерөнхий захирал Дмитрий Рогозин 10 дугаар сард мэдээлэл өгөхдөө "Енисей" пуужин тээвэрлэгчийг бүтээхэд асар үнэтэй, "нэг их наяд орчим рубль" хэмээн онцолж байв. Үүнээс жилийн өмнө буюу 2019 оны наймдугаар сард "Роскосмос"-ын менежер "Енисей" Америкийн энэ төрлийн пуужингаас дөрөв дахин бага өртөгтэй хэмээж байв.

 

Одоогийн байдлаар гагцхүү АНУ нэн хүнд пуужинтай бөгөөд хоёр дахь пуужин нь 2021 онд хөөрөх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин