О.Дашпагам: Нийслэлд 10-13 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулна
2020-10-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Монгол Улсын шадар сайдын зөвлөх Б.Амарсанаа, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам:

 

-Аравдугаар сарын 01-нээс эхлэн зорилтод бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг эхлүүлсэн.  Улсын хэмжээнд 580 гаруй дархлаажуулалтын нэгж бүхий эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрсдэл бүлгийн хүн амыг дархлаажуулах аяныг зохион байгуулж байна. Аравдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд 398 мянга гаруй хүн ам томуугийн эсрэг вакцинд хамруулжээ. Нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг өвчлөлд хамгийн өртөмхий бага насны хүүхдүүдийг дархлаажуулахад зориулсан. 

 

Нийслэлд эхний ээлжинд зургаан сартайгаас есөн насны хүүхдийг хамруулсан бол томуугийн вакцины ханган нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 10-13 насны хүүхдүүдийг  хамруулахаар ажиллаж байгаа.

 

Аймгийн хэмжээнд 2-5 насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулсан. Үүнээс гадна эрсдэл бүлгийн 4 сартайгаас дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэд болоод эмч ажилтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулсан. Томуугийн вакцины дараагийн ханган нийлүүлэлт ирэхэд 10,11 сард дараагийн вакцинжуулалтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байна. 

 

Сургууль болон цэцэрлэг дээр хийгдсэн томуугийн вакцинжуулалтад зорилтод бүлгийн насны хүүхдүүд хоцорсон бол харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвд хандаж хийлгэх хэрэгтэй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин