COVID-19: Халдвар өссөн ч бизнест саад болох хориг тавихгүй гэж Путин амлав
2020-10-22

 

Орост цар тахал дэгдсэнээс хойш анх удаа хоногт 300 гаруй өвчтөн нас баржээ. Халдварын тоо ч нэмэгдсээр байна. Харин ийнхүү нас баралт, халдвар нэмэгдэж байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин олныг хамарсан хориг тавихгүй гэж амалжээ. 

 

Хоногт бүртгэгдсэн хамгийн их нас баралт

Лхагва гарагийн байдлаар Орост хоногт 15 700 коронавирусийн тохиолдол шинээр илэрсэн талаар коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Энэ нь саяхан хоногт 16 319 гэсэн хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдэж байснаас бага тоо юм. Ингэснээр сүүлийн дөрвөн өдөрт анх удаа хоногийн өсөлт саарчээ. 

 

Москва хотноо хоногт 4 389 тохиолдол шинээр илэрч/өмнө нь 4999 илэрсэн/, 1215 өвчтөн эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлгүүдэд 383, өвчтөн уушгины хиймэл амьсгалын аппаратад залгуулсан байгаа аж.

 

Мөн өнгөрсөн лхагва гарагт нас баралтын тоогоор сөрөг дээд амжилт тогтоолоо. Аравдугаар сарын 21-ний лхагва гарагийн байдлаар хоногт 317 хүн коронавирусийн халдварын хүндрэлийн уллмаас нас баржээ. Үүнээс өмнө 10 дугаар сарын 15-ны өдөр хамгийн их нас баралт бүртгэгдсэн буюу 286 хоногт нас баржээ. 

 

Өнгөрсөн хавар, тавдугаар сарын 29-ний өдөр хамгийн их нас баралт бүртгэгдсэн гэж мэдээлж байсан бөгөөд тухайн үед хоногт 232 өвчтөн амиа алджээ. Харин энэ сарын 20-ны өдөр хоногт 269 хүн амиа алдсан байна.

 

Цар тахал дэгдсэнээс хойш Орост 24 952 өвчтөн коронавирусийн улмаас нас барж, 1 096 560 хүн эдгэрсэн бол нийт халдвар авсан хүний тоо  1 447 335-д хүрчээ.

 

Путин: Олныг хамарсан хориг тавихгүй 

Орост коронавирусийн өвчлөл намар эрс нэмэгдэнэ гэж Кремль удаа дараа мэдэгдэж байлаа. Энэ талаар лхагва гаригт Ерөнхийлөгч Путин ч мөн өгүүлсэн бөгөөд улирлын шинж чанартайгаар коронавирусийн тархалт нэмэгдэх нь гарцаагүй байсан ч нөхцөл байдал хяналтад байгаа хэмээн онцолжээ. 

 

Тэрбээр лхагва гаригт Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны удирдлагын гишүүдтэй уулзсан байна. Энэ үеэрээ тэрбээр коронавирусийн улмаас олныг хамарсан хориг хязгаарлалт тавихгүй гэж амалжээ. 

 

"Та бүхний хэлсэнчлэн, олныг хамарсан, хатуу хориг, хязгаарлалтын арга хэмжээ авахаар бид төлөвлөөгүй, засгийн газарт тийм төлөвлөгөө байхгүй" гэж Владимир Путин мэдэгдсэн байна.

 

РБК агентлагийн мэдээлснээр Оросын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбоо  коронавирусийн халдварын өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа ч шинээр хөл хорио тавихгүй байхыг Ерөнхийлөгчөөс хүсчээ. Үүний хариуд Владимир Путин дээрх хариултыг өгний дээр "тест  үргэлжлүүлэн хийх, эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, хувийн хамгаалалтын хэрэгслийн хангамжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөх, мөн вакцинжуулалт хийх" нь коронавирустэй тэмцэх гол аргууд хэмээн Путин онцлоод энэ удаад бизнесийн ажиллагаанд саад болохуйц олныг хамарсан хориг, хязгаарлалтгүйгээр асуудлыг шийднэ хэмээн амалсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Putin-g duuraidag humuus sonsoosoi
2020-10-22