Коронавирусийн цар тахал дэгдсэнд Хятад буруутай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа мэдэгдэж байсан. Энэ удаад ч тэрбээр Хятадыг буруутгаж, хариуцлага тооцно гэж мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, БНХАУ дэлхий даяар шинэ төрлийн коронавирус дэгдсэнд буруутай тул энэ улсын эсрэг АНУ арга хэмжээ авна гэж Трамп мэдэгдсэн байна. Тэрбээр энэ мэдэгдлийг Цагаан ордонд дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ хийжээ.
Хэлэлцүүлгийн хөтлөгч "Та Хятадыг яах бодолтой байна?" хэмээн асуухад "Бид Хятадын эсрэг олон алхам хийнэ. Тэдний бидэнд учруулсан зүйл бол гутамшиг" хэмээн Трамп хариулжээ. Гэхдээ Вашингтон чухам ямар алхам хийхээр төлөвлөж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. "Бид Хятадын эсрэг олон зүйл хийнэ. Энэ улс, энэ дэлхийд учруулсан хохирлынх нь төлөө. Та нар Хятадаас болж амны хаалттай сууж байна" хэмээн Америкиййн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Түүнчлэн Трамп ирэх сонгуульд өөртэй нь өрсөлдөж буй Жозеф Байденыг Бээжингийн ашиг сонирхолд нийцүүлэн үндэсний ашиг сонирхлыг золиосолж байгаад буруутгасан байна.
"Байден Хятадад худалдагдсан. Тэр хүүгийнхээ удирдлаган дор 1,5 тэрбум доллар авсан. Хятадтай холбоотой асуудал дээр Байдены хүч хүрэхгүй. Бүр анхнаасаа л тэр тийм байсан" хэмээн Дональд Трамп мэдэгджээ.
Бээжин болон Вашингтоны хоорондын сөргөлдөөн цар тахлын нөхцөлд улам даамжирсан юм. Трамп цар тахал дэгдсэний хариуцлагыг БНХАУ хүлээх ёстой гэж удаа дараа мэдэгдэж байлаа.АНУ шинэ төрлийн коронавирусийн үүсэл болон халдвар тархсан цар хүрээний талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж БНХАУ-ыг буруутгадаг юм. Харин Хятадын Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчэн "Хятад коронавирусийн талаар ямар ч мэдээллийг нуун дарагдуулаагүй" гэж цохон тэмдэглэж байв. Мөн зарим улс төрчид Хятадыг гутаан доромжлох зорилгоор вирустэй холбоотой нөхцөл байдлыг ашиглаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |