Вакцин хийлгэсний дараа 5 хүн нас барсан нь иргэдэд эргэлзээ төрүүлжээ
2020-10-22

 

Өмнөд Солонгост томууны эсрэг вакцины аюулгүй байдалд иргэд санаа зовниж эхэлжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр удирлын томуунаас сэргийлэх тарилга тариулсныхаа дараа таван хүн ганцхан долоо хоногийн дотор нас барсан нь ийнхүү түгшүүр төрүүлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн баасан гаригт, томуугийн вакцин хийлгэснээс хоёр хоногийн дараа 17 настай хүү нас барсан байна. Энэ нь албаны этгээдүүдийн зарласан анхны тохиолдол юм. Мөн ахмад настнууд гэртээ нас барсан байхыг олсон бол тав дахь хүн нь 70 настай эрэгтэй байсан бөгөөд тэрбээр паркинсон болон зүрхний хэм алдагдах өвчинтэй байжээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт, вакцин хийлгэснээсээ нэг хоногийн дараа Тэгүд нас барсан байна. Тэгү хотын албаны этгээдүүдийн мэдэгдсэнээр энэ хүн 2015 оноос хойш вакцинд хамрагдаж байсан, өмнө нь түүнд ямар нэгэн сөрөг үр дагавар гарч байгаагүй гэнэ.

 

Хүмүүс нас барсантай холбоотойгоор эмнэлгийн шалгалт, тодруулах ажил хийгдэж байгаа тул дээрх хүмүүсийн нас баралтын шалтгаан нь вакцин мөн эсэхийг одоогоор эцэслэн хэлэх боломжгүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна. "Одоогоор баттай мэдэгдэл хийхэд хүнд байна" хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Ким Ган Лип мэдэгджээ.

 

Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдэгдсэнээр, 17 настай хүүд Shinsung Pharm компанийн нийлүүлсэн вакциныг хийсэн байна. Шалгалт хийхэд, вакцинуудыг тээвэрлэх үед эрүүл ахуйн шаардлагууд зөрчигдсөн гэдэг нь тогтоогджээ. Зайлшгүй хөргөж тээвэрлэх шаардлагатай 5 сая орчим тун вакциныг эмнэлгийн байгууллага руу тээвэрлэх үед тасалгааны хэмд байлгасан нь шалгалтаар илэрчээ. 

 

Өсвөр насны хүү вакцин хийлгэсэн эмнэлэгт нийтдээ 32 хүн вакцин хийлгэсэн бөгөөд бусад хүмүүст ямар нэг сөрөг үр дагавар ажиглагдаагүй гэж Нийгмийн эрүүл мэндийн агентлаг мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгос коронавирусийн үед гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх үүднээс томууны вакцины үнэ төлбөргүй хийх хөтөлбөрөө өргөжүүлсэн байна. Олон оронд ажиглагдаж буй коронавирусийн шинэ давалгааны үеэр томуугийн өвчлөлтэй хүмүүс эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж болзошгүй, учир нь коронавирус болон томууны шинж тэмдгүүд төстэй, зөвхөн тест хийж л ялгах боломжтой тул томуугийн өвчлөл эмнэлэгт ихээхэн ачаалал авчирна гэж эрх баригчид болгоомжилжээ. 

 

Өмнөд Солонгосын албаны этгээдүүдийн мэдэгдсэнээр 10 дугаар сарын 13-наас эхлэн улсын хөтөлбөрийн хүрээнд 8,3 сая хүн вакцинд хамрагдсан бөгөөд 350 орчим тохиолдолд сөрөг нөлөө илэрсэн байна. Харин 2005 онд улирлын томуугийн вакцинжуулалттай холбоотойгоор хамгийн их буюу 6 хүн нас барсан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
15 хүн үхсэн шдээ
2020-10-22
Манайх импортоор авсан биш үү?
2020-10-22