Карабах: Армени баллистик пуужин харвасан гэж Азербайжан мэдэгджээ
2020-10-22

Есдүгээр сарын 27-ны өдрөөс дайтаж, энэ сард хоёронтоо гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч бодит байдал дээр үргэлжлүүлэн тулалдсаар байгаа Азербайжан, Армени улсууд Уулын Карабах дахь сөргөлдөөн даамжирсанд нэгнээ буруутгасаар байна. 

 

Энэ удаад, Арменийн нутаг дэвсгэр дээрээс баллистик пуужингуудаар цохилт өгсөн гэж Азербайжаны Батлан хамгаалах яам 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдлээ. 

 

"10 дугаар сарын 22-ны өглөө 07:00 цагт сөргөлдөгч тал Сиязаны чиглэлд гурван пуужин, Габалинск чиглэлд хоёр, 09:00 цагт Кюрдамирскийн чиглэлд нэг пуужин тус тус харвалаа" хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. Арменийн зэвсэгт хүчнийхний бай нь иргэний суурин, дэд бүтэц байсан гэж Батлан хамгаалах яам цохон тэмдэглэсэн байна. Энэхүү пуужингийн цохилтуудын үеэр хүний амь нас эрсдээгүй гэнэ. 

 

Харин Арменийн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Арцрун Ованнисян энэ мэдээллийг няцаасан байна. "Энэхүү мэдэгдэл нь Азербайжаны ээлжит өдөөн хатгалга бөгөөд Арменийг байлдааны ажиллагаанд татан оролцуулах зорилготой" хэмээн Ованнисян мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин