COVID-19: Венесуэлчүүдийг Оросын вакцины "туршилтын туулай" болохгүй байхыг уриалав

Оросын төдийгүй дэлхийд анхных гэж нэрлэгдсэн "Спутник V" вакциныг дэлхийн хэд хэдэн оронд туршиж эхэлсэн. Олон улсын зүгээс "хэт богино хугацаанд боловсруулсан", эрсдлийг тооцоогүй байж мэднэ хэмээн Оросын вакциныг удаа дараа шүүмжилж байв. Мөн вакцин туршиж буй орнуудын тоонд Венесуэл багтаж байгаа бөгөөд харин эмч нар нь хүн амын дунд вакциныг түгээхийг яаралгүй, болзошгүй бүхий л эрсдлийг нарийн тооцож үзэхийг уриалжээ. Венесуэлд Оросын вакцины туршилтад хэрхэн хандаж байгаа байгаа талаар ВВС болон Регнум агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.
Аравдугаар сарын эхээр Венесуэл рүү Оросын "Спутник V" вакцины эхний ээлжийг хүргэсэн юм. Ингээд тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро вакцины туршилтын гурав дахь шат эхэлж байгааг зарлан, өөрөө ч энэ вакциныг хийлгэнэ гэж амлаж байлаа. Гэвч Венесуэлийн эмч нар хүн амыг Оросын вакцинд хамруулах гэж яаралгүй, болзошгүй эрсдлийг нарийвчлан судлахыг эрх баригчиддаа хандан уриалжээ.
Энэ улс коронавирусийн халдварын тохиолдлоороо дэлхийд тэргүүлж буй орнуудын тоонд багтахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Венесуэлд коронавирусийн халдварын тохиолдолл 88 035 болсон нь хөрш зэргэлдээх Болив, Эквадор, Колумби улсаас ч харьцангуй бага байгаа юм. Гэхдээ эдийн засгийн гүн гүнзгий хямралаас үүдэн туйлдсан эрүүл мэндийн салбар нь шинэ тахалтай арай ядан тэмцэж байгааг Венесуэлийн хэвлэлүүд мэдээлжээ. Эм хүрэлцээгүй, эмнэлгийн ажилтнуудын цалин бага, эмнэлгүүдийн нөхцөл байдал нэн хүнд байгаа нь коронавирусийн дэгдэлттэй тэмцэх ажлыг улам хүндрүүлж байгаа гэнэ.
Ийм нөхцөлд коронавирусийн дэгдэлтийг тогтоон барихад өнгөрсөн хавар авч хэрэгжүүлсэн хатуу хөл хорионы арга хэмжээ тусалсан аж. Анхандаа энэ улс Латин Америкийн орнуудаас хамгийн хатуу хөл хориог зарласан бол дараа нь эрх баригчид "7+7" гэх систем нэвтрүүлж, энэ системийн дагуу байгууллагууд долоо, долоо хоногоор ээлжлэн хаалгаа барьж байжээ.
Харин өнгөрсөн даваа гаригт гуравдугаар сараас хойш хаалттай байсан наран шарлагын газар, зочид буудал, амралт сувиллын газрууд дахин нээгдэхээр болсон талаар Венесуэлийн эрх баригчид мэдэгдсэн юм. Мөн зоогийн газар, клуб, соёл амралтын хүрээлэн ч энэ долоо хоногоос ажиллах боломжтой болжээ. Гэхдээ урьдын адил "7+7" системээр буюу долоо долоо хоногоор ээлжлэн ажиллаж, хаагдах аж.
2000 сайн дурын хүн
Орос улс цар тахалтай тэмцэхэд нь Венесуэлд туслана гэж өнгөрсөн хавар л амлаж байлаа. Дөрөвдүгээр сард Каракас дахь Оросын ЭСЯ мэдэгдэл хийн, 20 мянга гаруй хүнд тест хийх, коронавирусийн багц тестийг Венесуэлийн нийслэлд хүргэсэн талаар дуулгаж байв. Наймдугаар сард Каракасд энэ тестийг дахин илгээсэн бөгөөд энэ удаад өмнөх хэмжээнээс хоёр дахин ихийг нийлүүлжээ.
Харин энэ долоо хоногт коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулж Оросын "Авифавир" эмийг Венесуэл рүү хүргүүлсэн байна. Энэ эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгох төлөвлөгөөтэй байгаа талаар Венесуэлийн эрх баригчид мэдэгджээ. Харин энэ эм Орост нэг боодол нь 105 доллар орчим үнэтэй байдаг юм байна.
Энэ сарын хоёрны өдөр Каракаст Оросын вакцины эхний ээлжийн хэсгийг хүргэсэн юм. Оросын тээврийн онгоцноос ачаа буулгаж буй гэрэл зургуудыг Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Делси Родригес Твиттер хуудсандаа нийтлэж байв.
Энэ үеэр Ерөнхийлөгч Николас Мадуро "Венесул улс "Спутник V" вакцины клиникийн туршилтын гурав дахь шатанд оролцох, баруун тал бөмбөрцөгийн анхны улс боллоо" хэмээн ёслол төгөлдөр мэдэгдэж байсны дээр шинэ вакцин "хүн төрөлхтнийг аварна" гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн энэ вакцины туршилтад хүү болон дүү нь оролцож байгааг онцлоод өөрөө ч Оросын вакциныг хийлгэнэ хэмээн амлаж байв. Ингэснээр бусдад үлгэр дуурайл болно хэмээн тэрбээр онцолж байсан ч одоогоор тэрбээр вакциныг хийлгээгүй л байгаа гэнэ.
Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Карлос Альваредогийн мэдэгдсэнээр Оросын вакцины туршилтад 2000 гаруй сайн дурын хүн оролцох аж. Туршилтад оролцохын тулд тусгай сайтаар орж санал асуулгыг бөглөх ёстой. Туршилтад архаг хууч өвчингүй, 18 -аас дээш насныхныг оруулна гэж Эрүүл мэндийн сайд онцолж байсан юм.
Ингээд Оросын вакцины туршилтад орох эхний оролцогчдын нэг нь Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэль Селайя болжээ. Тэрбээр Венесуэлийн нийслэл Каракас хотноо вакцин тариулсан бөгөөд өдгөө 68 настай улс төрч эмнэлгийн өрөөнд байгаа видео бичлэгээ Твиттерт оруулан, биеийн байдал сайн байгаа, тарилга хийлгэсний дараа "бага зэрэг нойрмог" болсноос өөр сөрөг үр дагавар гараагүй хэмээн бичжээ.
Оросын вакциныг туршиж дууссаны дараа Венесуэлийн эрх баригчид вакцинжуулалтын өргөн хэмжээний аян эхлүүлж, дараа нь нутаг дэвсгэртээ энэ вакциныг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Вакцинжуулалтад эхний ээлжинд эрсдэлт бүлгийнхэн болон эрүүл мэндийн салбарынхан хамрагдана гэж Мадуро мэдэгджээ.
"Туршилтын туулай"
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Эрүүл мэндийн яам Оросын вакцинд болгоомжтой хандахыг удаа дараа сануулж байгаа. Өмнө нь тэд Оросын вакцины найрлага болон үйлдвэрлэлийн технологийн талаарх мэдээлэл хангалтгүй хэмээн шүүмжилж байв. Харин ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны тэргүүн Ханс Клюге өнгөрсөн сард Москвад айлчлах үеэрээ вакцин бүтээсэнд нь Орост талархаж байгаагаа илэрхийлж байв.
Харин Венесуэлийн эрүүл мэндийн байгууллагууд олон шалгалт, туршилтын шаардлагатай үе шатуудыг бүрэн даваагүй байгаа Оросын вакцинд болгоомжтой хандахыг уриалж байна. Венесуэлийн алдартай, халдварт өвчин судлаач, Венесуэлийн Үндэсний ассамблейн дэргэдэх коронавирустэй тэмцэх комиссын гишүүн Хулио Кастро эдгээр бүх туршилт ил тод, олон улсын дүрэм журмын дагуу явагдах ёстой гэж мэдэгдсэн байна. "Одоогоор энэ вакцин бол тахлын явцыг нэг мөр дуусгах шийдэл биш, энэ бол ердөө л судалгаа" хэмээн тэрбээр онцолсон байна. Мөн туршилт хийх болон сайн дурынхныг сонгоход Үндэсний шинжлэх ухааны комисс болон Ёсзүйн хараат бус хороо ажиглалт, хяналт тавих ёстой гэж Хулио Кастро мэдэгджээ.
Түүнчлэн "Венесуэлийн эмч нарын нэгдэл" төрийн бус байгууллага ч Оросын вакцинд болгоомжтой хандахыг сануулж байна. "Вакцин ашиглалтын талаар шинжлэх ухааны хүрээллийнхэнтэй хэлэлцээгүй, тэдний санаа бодлыг ч тусгаагүй. Туршилтад оролцож буй хүмүүст вакцины ашиг тус болон эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдлүүдийн талаар мэдээлэл өгөх ёстой" хэмээн энэ байгууллага мэдэгджээ.
Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүн, эрүүл мэндийн комиссын тэргүүн Хосе Трухильо бусдаасаа илүү хатуу байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр "СпутникV" бол одоогоор вакцин биш харин туршилтын гурав дахь шатыг давах гэж буй биологийн бодис" хэмээн мэдэгджээ.
"Хүмүүс дээр ийм туршилт хийхээ хойшлуулахыг уриалж байна. Учир нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно. Харин ийм зөрчил гарвал яадгийг та бүхэн бусдаас илүү мэдэж байгаа. Венесуэлчүүдийн зам дээр дахин нэг саад бүү үүсгэ" хэмээн Трухильо мэдэгджээ.
Венесуэлийн Үндэсний анагаах ухааны академийн тэргүүн Энрике Лопес ч мөн сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр эмч нар вакцины талаарх маш бага мэдээлэл авсан, мөн вакциныг шалгахад туршилтын оролцогчдод учирж болзошгүй эрсдллийг үнэлэх тусгай эрдэм шинжилгээний комисс байгуулах ёстой гэнэ.
"Венесуэлийн өвчтөнүүд зохих ёсоор баталгаажаагүй, бидний мэдэхгүй сөрөг үр дагавартай байж мэдэх бэлдмэлийг шалгахад зориулагдсан туршилтын туулай болоосой гэж бид хүсэхгүй байна" хэмээн Лопес мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ