Театрт хэрхэн биеэ зөв авч явах вэ?
2020-10-23

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлаг соёл, үйлчилгээний байгууллагууд хаа сайгүй хаалгаа барьж, одоо ч өвчлөлийн тархалт өндөртэй улс орнуудад үйлчилгээний газрууд хаалттай энэ үеэр дотоодод нь халдвар илрээгүй Монгол Улсад соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа сэргэж эхлэв. Удаан хугацаанд үзвэр үйлчилгээнээс хол байсан иргэд гэр бүл, ойр дотныхонтойгоо цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр театрыг зорих нь ч их болжээ. Харин театр, үзвэрийн газарт биеэ зохисгүй авч явж байгаа хүмүүс мэр сэр байгаа талаарх шүүмжлэл ч олон нийтийн сүлжээгээр их гарав. Тиймээс мартсаныг сануулах үүднээс театрт биеэ хэрхэн авч явах дүрмийг хүргэж байна. 

 

Хувцаслалт 

Орчин үед театрт очихдоо эмэгтэйчүүд үдшийн даашинз, эрчүүд смокинг өмсөх шаардлагагүй болсон ч энгийн үеэс өөр, ёслолын хувцас өмсөх хэрэгтэй. Эрчүүд бараан өнгийн костюм, цайвар цамц өмсөж болох бол эмэгтэйчүүд гоё чимэглэлээр хачирлан дүр төрхөө бүрдүүлж болох юм. Гэхдээ гоё чимэглэлийг хэтрүүлж болохгүй. 

 

Мөн жүжиг үзэхээсээ өмнөхөн үнэртэн түрхэх нь бүдүүлэг хэрэг. Хамгийн үнэтэй, чанартай үнэртэй усыг ч зохих хэмжээнд нь тааруулж хэрэглэх нь зүйтэй. Үзвэрийн танхимд төрөл бүрийн үнэр нийлж, зарим хүний толгойг өвтгөн, харшлыг сэдрээж болзошгүй тул үнэртэн хэрэглэхдээ анхаараарай.

 

Танхим руу орох, суудлаа эзлэх 

 

Эрэгтэй, эмэгтэй хоёр хамтдаа үзвэр үзэхээр бол эрэгтэй хүн тасалбарыг хянагчид өгнө, мөн тэрбээр эмэгтэй хүнд хаалга нээж өгөх ёстой.

 

Жүжиг эхлэхээс 20 минутын өмнө ирж, өлгүүрт хувцсаа өлгүүлэн, суудлаа эзлэсэн байна. Хосоороо үзвэр үзэж яваа бол үзвэрийн танхим руу эрэгтэй хүн түрүүлж орон, эмэгтэйдээ суудлаа зааж өгнө. 

 

Эгнээн дундуур суудал руу очихдоо сууж буй хүний өмнүүр гарах бол түүн рүү харан өнгөрөх бөгөөд ингэхдээ нам дуугаар уучлалт гуйх эсвэл толгой дохин өнгөрнө. Зөрж өнгөрөх хэсэг хангалттай зайтай бол сууж буй хүн босох шаардлагагүй, харин нарийхан бол сууж буй хүн босч, зай тавьж өгнө.  Эгнээний голоор эрэгтэй хүн түрүүлж явах бөгөөд суудлаа олоод эрэгтэй нь хажууд нь зогсож, эмэгтэй суухыг хүлээнэ.

 

Үзвэрийн гурав дахь хонх дугарахаас өмнө суудлаа эзлээрэй. Таны суудал эгнээний голд байрлаж байгаа бол бусдад саад болохгүйн тулд аль болох эрт байраа эзлэнэ. 

 

Таны суудал хүнтэй байвал сууж буй хүнд тасалбараа үзүүлэн, суудлаас босохыг эелдгээр гуйгаарай. Нэг суудал дээр давхардуулан тасалбар бичиж алдаа гаргасан бол театрын ажилтанд хандана. 

 

Байж боломгүй бүдүүлэг үйлдлүүд 

 

Үзвэрийн цагаас хоцрох нь туйлын бүдүүлэгт тооцогдоно. Хөлөө ачиж, дэлгэж, сандлын ирмэг дээр суух, өмнөх суудлын түшлэгийг налах, хөлөөрөө хүрэх нь мөн л зохисгүй.

 

Үзвэрийн танхимд бүгчим байсан ч гэлээ жүжгийн хөтөлбөрийг сэвүүр болгон ашиглаж болохгүй. Мөн театрын дуран зөвхөн жүжгийн үйл явдлыг үзэхэд зориулагдсанаас биш түүгээр үзэгчдийг харж болохгүй гэдгийг санаарай. 

 

Түүнчлэн үзвэрийн үеэр хоол хүнс хэрэглэх нь туйлын бүдүүлэг. 

 

Танхим-чимээгүй орчин 


Театрт баримтлах гол дүрэм бол чимээгүй байх. Жүжиг эхлэхийн өмнө гар утсаа унтраах ёстой. Үзвэрийн үеэр жүжигчдийн тоглолт болон бусад үзэгчдийн зохисгүй зан байдлын талаар хамт яваа хүнтэйгээ ярилцаж болохгүй. Дэг журам зөрчиж байгаа үзэгчдэд аяархан анхааруулга өгч болох ч энэ нь театрын ажилтны үүрэг гэдгийг санаарай.

 

Та ханиад хүрсэн бол үзвэр үзэхээ хойшлуулсан нь дээр. Үзэгчид болон жүжигчдэд ханиах, найтаах чимээ маш их саад болдог. Мөн жүжиг үзэх үеэрээ юм идэх, цүнх, сав шаржигнуулах хөлөөрөө дэвсэж болохгүй.

 

Завсарлагаа

Жүжгийн завсарлагааны үеэр танхимд үлдэж, эсвэл буфет орж болно. Энэ үеэр олон нийтийн газарт баримталдаг ёс зүйг дагаарай. Таньдаг хүнтэйгээ таарвал жүжгийн талаарх сэтгэгдлээ хуваалцаж болно, гэхдээ бусдад саад болж чанга ярих нь зохисгүй.

 

Хосоороо үзвэр үзэж байгаа үед эмэгтэй нь танхимд үлдэх хүсэлтэй бол эрэгтэй хүн хамтдаа үлдэнэ. Харин эрэгтэй гарах шаардлагатай бол уучлалт гуйгаад, түр хугацаанд гарч болно.

 

Жүжгийн үеэр... 
 

Жүжиг дуусаагүй байхад танхимаас гарах нь үзэгч соёлгүйг бэлэхнээ илтгэх үйлдэл. Танд жүжиг таалагдаагүй байсан ч завсарлагааг хүлээгээрэй, завсарлагаанаар нэг мөсөн гарч, театрыг орхиж болно. 

 

Та маш их ядарсан, эсвэл жүжиг таалагдаагүй байсан ч үзвэрийн үеэр унтах нь туйлын бүдүүлэг. Мөн жүжгийн үеэр хэт их сэтгэл хөдлөл гарган чимээгүй танхимд ганцаараа алга таших хэрэггүй, энэ нь жүжигчдийн анхаарлыг сарниулдаг. Харин жүжиг дууссаны дараа сэтгэл хөдлөлөө бүрэн гаргаж болох бөгөөд алга ташилт үзэгчдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг бол шүгэлдэх, хашгирах, хөлөөрөө дэвсэх нь театрт байж болшгүй үзэгдэл. 

 

Танд гойд таалагдсан жүжигчинд цэцэг өгөх хүсэлтэй бол жүжгийн төгсгөлд, тайз руу гарахгүйгээр өгнө. Жүжиг дуусмагц өлгүүр рүү яарах хэрэггүй, жүжигчид хэдэнтээ ёслох нь бий. Тиймээс хөшиг хаагдахыг хүлээгээрэй. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hahaha:
mongold yaj hool olj ideh ve, ulsgulun ard tumniig burhan ch zogsooj chadahgui,
2020-11-05
dfsaf:
asdfas
2020-10-31
Dashdavaal:
Ганхүүгийн ярььсан шиг сурагч байхаас нь театриййн соёлд хэвшүүлэх хэрэгтэй Танхимд ундаа уугаад савыг нь суудал дээрээ орхиод гарсан БИЗНЕС ГРУПП-ын ерөнхийлөгчтэй ДБЭТ-т суудал зэрэгцсэн тохиолдол бий шүү
2020-10-25