АНУ: Ерөнхийлөгчид нэр дэвшигчид "баяртай" ч гэлгүй салцгаав
2020-10-23

 

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жозеф Байден нарын сүүлийн мэтгэлцээн Теннесси мужийн Нэшвилл хотноо болж өнгөрлөө. 

 

Ирэх сонгуульд Жозеф Байден ялалт байгуулвал Америкийн газрын тосны салбар устах аюул заналхийлнэ гэж Дональд Трамп мэдэгджээ. 

 

"Тэр газрын тосны салбарыг устгах талаар л яриад байгаа. Техас, Пенсильвани, Оклахома, Охайо, үүнийг санаарай" хэмээн Трамп газрын тос олборлолтын салбар хөгжсөн мужуудыг нэр цохон мэдэгджээ.

 

Тэрбээр ийнхүү мэдэгдэх болсон нь Ардчилсан намаас нэр дэвшигч Байдены мэдэгдэлтэй холбоотой юм. Жозеф Байден газрын тос олборлох цогцолбороос аажмаар татгалзана гэж мэдэгдэж байв.

 

Мэтгэлцээний үеэр Байден "Би газрын тосны үйлдвэрлэлээс шилжих нөхцлийг бүрдүүлнэ гэсэн нь үнэн" хэмээхэд Трамп "Шуугиантай мэдэгдэл" хэмээн хариулжээ. Үүний хариуд Байден "Тийм ээ, шуугиантай мэдэгдэл" гэж өгүүлсэн байна.

 

Мэтгэлцээний хөтлөгч Кристен Уэлкер Байденаас яагаад ийм амлалт өгөх болсныг тодруулахад "Газрын тосны үйлдвэрлэл байгаль орчныг бохирдуулж байна. Газрын тосны салбарыг аажмаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр солих ёстой. Аажимдаа шүү. Мөн газрын тосны салбарт олгодог зарим төрлийн төрөөс өгөх татаасыг зогсооно" хэмээн Байден хариулжээ.

 

Байден: Хятадаас "дүрмийн дагуу тоглох"-ыг шаардана 

 

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгуульд ялалт байгуулвал Хятадаас олон улсын дүрэм журмыг мөрдөхийг шаардах гэнэ.

 

"Би Трампаас ялгаатай нь, Хятадыг олон улсын дүрмээр тоглохыг шахна. Трампын бодлогын улмаас Хятадтай харилцах худалдааны харилцаанд хомсдол өссөн" хэмээн Байден мэдэгджээ. 

 

"Түүнчлэн бид Хятадыг дэлхийн тавцан дээр дүрмийн дагуу тоглоосой гэж хүсч байна. Би дэд Ерөнхийлөгч байхдаа БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзаж байсан. Тэрбээр Өмнөд хятадын тэнгисд хийх нислэгүүдийг таних бүс байгуулна, тэр хэсгээр нислэг үйлдэж болохгүй болно гэж мэдэгдэж байлаа. Харин би хариуд нь бид тэнд нисч болно, дөнгөж сая бөмбөгдөгч онгоцууд тэр хэсэгт нислэг үйлдсэн гэж хэлж байлаа. Тэд дүрмийн дагуу тоглох ёстой, гэтэл тэр /shuud.mn: Трампыг хэлж байна/ юу хийж байгаа юм? Тэр Хойд Солонгосын удирдагч, БНХАУ-ын дарга, Владимир Путинтэй тэврэлдээд л манай нөхөд, холбоотнууд руу чичлэдэг" хэмээн Байден өгүүлсэн байна. 

 

Баяртай ч гэлгүй салцгаав 

 

Цаг хагасын хугацаанд үргэлжилсэн мэтгэлцээн дуусмагц АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жозеф Байден нар Белмонтын их сургуулийн хурлын танхимаас нэгэнтэйгээ салах ёс ч хийлгүй гарч явцгаажээ. 

 

Мэтгэлцээн дуусмагц тайзан дээр Трамп болон Байдены эхнэрүүд гарч ирэн, Жилл Байден нөхрөө тэвэрсэн бол Мелания Трамп нөхөр Дональд Трамптайгаа хэдэн үг сольжээ. 

 

Энэ удаагийн мэтгэлцээн нь 11 дүгээр сарын гуравны өдөр болох сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн мэтгэлцээн юм. Ирэх сард болох сонгуулиар Ерөнхийлөгч, дэд ерөнхийоөгч, Төлөөлөгчдийн танхимын нийт 435 гишүүн, Конгрессын сенатын бүрэлдэхүүнийн гуравны нэг болон 13 муж, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгох юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин