B2: Тайзны нэрээ биширдэг дуучны нэртэйгээ уялдуулан оноосон
2020-10-26 08:30

 

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн “Leto music label”-ээс бэлтгэгдэж буй “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлагийн дуучин B2-той ярилцлаа.

 

-“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлаг хэзээ байгуулагдсан бэ?

 

-Бид “The Voice of Mongolia” шоунд оролцсоны дараагаас буюу хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах талаар бодсон. Нэг өдөр найзуудаараа уулзаад , бид санаа нэгдсэний үндсэн дээр хамтлаг маань 2020 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр байгуулагдлаа.

 

-Танай хамтлаг байгуулагдсанаас хойш зургаан сар өнгөрчээ. Энэ хугацаанд анхны уран бүтээл болох “So long” дуугаа цацсан. Хамтлагтаа ямар хоолойн төрлөөр үүрэг гүйцэтгэдэг вэ?

 

-Хамтлагт маань bass хоолойтой хоёр, tenor хоолойтой гурван дуучин бий. Харин би tenor хоолойн төрлөөр хамтлагтаа үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ нь дээгүүр өнгөөр дуулахыг хэлдэг, харин bass хоолой нь баргил бүдүүн хоолойгоор дуулахыг ийн нэрлэдэг юм.

 

-Таны тайзны нэрийг B2 гэдэг юм байна. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?

 

-Би амьд хөгжмийн “Горилаз” хамтлагийг сонсох дуртай. Тэр хамтлагаас D2 гэх дуучинг ихэд үнэлэн биширдэг юм. Түүний нэрээс санаа аваад тайзны нэрээ B2 гэж уялдуулсан нь энэ л дээ. Энэ нэрийг өөрөө санал дэвшүүлээд Наранзун ахтай ярилцаж, оноосон.

 

-“The R&N”  хамтлаг бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

 

-Бэлтгэлээ янз янзаар хийдэг. Манай хамтлаг дөрөвдүгээр сард байгуулагдсанаас хойш гурван сарын хугацаанд бид хамтдаа амьдрах болсон. Тэр үед өдөр болгон бидний бэлтгэлээ хийж байсан. Хамтдаа хоолойн дасгал унших, бие биендээ зөвлөгөө өгөх зэргээр бэлдэнэ. Харин одоо бид бэлтгэлийн байртай болсон учраас долоо хоногт дөрөв, таван удаа очиж бэлтгэлээ хийдэг. Хамт амьдарсан шалтгаан нь хамтлаг байгуулагдсан учраас бие биенээ илүү сайн таньж, мэдэх зорилготой. Ингэснээр бид илүү дотно байх болсон.

 

-Дараагийн уран бүтээлээ хэзээ цацахаар төлөвлөж байна вэ?

 

-Дараагийн уран бүтээлдээ орчихсон байгаа, хэзээ цацагдахыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор Наагий ахын тоглолтод бэлдэж байгаа учраас зав чөлөө хомсхон болсон. Гэхдээ 2020 он дуусахаас өмнө дараагийн уран бүтээл маань дүрсээр амилан цагдагдана.

 

 

-Танай хамтлагийг бий болоход хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл юу вэ?

 

-Бидэнд санаа нэгдэх зүйл олон. Тэр дундаас дуу хөгжим л гол цөм болж биднийг нэгтгэж байгаа. Бид бүгдээрээ дуу хөгжимд хайртай, нэгнээ дуулахад нь сонсох дуртай. Дуу хөгжим л биднийг нэгтгэж байгаа гол хүч шүү дээ.

 

Мөн бидний хийж буй бүх зүйл продюсер Б.Наранзун ахаар дамжиж бүтдэг. Анх бид Б.Наранзун ахад санал тавихад зав муутай байсан учраас татгалзаж байсан юм. Үнэхээр хүсэл нь оволзсон залуус байна гэж харсан учраас хүлээн авсан гэдгээ Б.Наранзун ах хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан удаатай.

 

-Уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?

 

-Шинээр цацагдсан хамтлаг уран бүтээлийг маань үзээд бусадтай хуваалцаж сэтгэгдлээ бичиж биднийг дэмжээрэй. Биднийг сонсож дэмжих хүмүүсийг уран бүтээлээр хэзээ ч таслахгүй. Тийм болохоор биднийг урамшуулаарай гэж хэлье ээ.

 

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

 

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин