COVID-19: Европт халдвар нэмэгдэж, германчууд Роберт Кохын хүрээлэнг галдав
2020-10-26

Дэлхий даяар тархсан коронавирусийн дэгдэлт намжихгүй, зарим оронд улам ихсэн, улс орнууд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сэргээж эхэлж байна. Европын хэд хэдэн орон коронавирусийн эсрэг арга хэмжээгээ чангатгалаа. Итали улс соёлын арга хэмжээнүүдийг бүгдийг нь цуцалж, фитнес клубүүдээ хаасан бол Хорват улс хязгаарлалтыг чандлан мөрдүүлэхийн тулд өндөр торгууль ноогдуулахаар болжээ. 

 

Испани улс нутаг дэвсгэр даяараа хөл хорих цаг тогтоов. "Үдшийн 23.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл иргэд чөлөөтэй зорчихыг хориглосон. Энэ үеэр гагцхүү журамд заасан шалтгаанаар л иргэд гарч болно" хэмээн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.

 

Түүнчлэн энэ улс бүс нутгийн эрх баригчдад өөрсдийн шийдвэрээр хязгаарлалтын арга хэмжээг чангатгах, сулруулах эрхийг олгосон байна. Улмаар орон нутгийн эрх баригчид автомашины зорчих хөдөлгөөнийг хориглох эрхтэй болжээ.

 

Харин Италид 18.00 цаг гэхэд зоогийн газар, бар, зайрмагны кафенууд хаагдахаар болжээ. Энэ улсад өвчлөлийн тоо нэмэгдсээр байгаа тул хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ийнхүү чангатгаж байгаа юм.

 

"Бүх төрлийн театр, концертын танхимууд хаагдсан. Соёлын салбар хэдэн сарын туршид ихээхэн хохирол амсаж байгаа тул энэ шийдвэр бидэнд нэн хүнд тусч байна. Уулзалт болон хурал гагцхүү цахимаар, алсын зайнаас зохион байгуулагдана. Аливаа төрлийн үзэсгэлэн яармагууд, тэр дундаа олон улсын арга хэмжээг зогсоолоо" хэмээн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ.

 

Хорватад ч мөн адил хязгаарлалтыг чангатгаж байна. Тус улсын иргэд байр, орон сууцан дотор хоёр метрийн зай, гудамжинд  1,5 метрийн зай баримтлах шаардлагатай болжээ. Мөн 50-аас дээш хүн оролцох аливаа цуглаан, уулзалт, арга хэмжээг хориглосон байна. 

 

"Эдгээр арга хэмжээнүүд нь хатуу ч гэлээ бодит байдлыг ухаарах хэрэгтэй. Хүмүүс энэ хязгаарлалтын арга хэмжээг хэрхэн мөрдсөнөөс бүх зүйлл шалтгаална. Тиймээс л бид хяналт, торгуулийг чангатгаж байна. Баасан , бямба гаригийн үдэш гэхэд л нийтийн хоолны газар болон бусад олон нийтийн газарт хязгаарлалт зөрчсөний төлөө 150 мянга гаруй еврогийн торгууль ноогдуулсан" гэж Хорватын Дотоод хэргийн сайд Давор Божинович мэдэгдсэн байна. 

 

Болгарт мөн халдварын дэгдэлт эрс өсчээ. Сүүлийн нэг хоногт мянга гаруй тохиолдол шинээр илэрсний дотор тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов багтжээ.

 

Дайны хажуугаар дажин буюу эсэргүүцэгчид 

Ням гаригт Германы нийслэл Берлин хотод коронавирусийн улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал болов. Цагдаагийнхны мэдээлснээр жагсаал эхлэх үеэр Александерплатц талбай дээр 2000 гаруй хүн цугларчээ.

 

Жагсаалд оролцогчид хоорондын зай баримтлахгүй, амны хаалт зүүгээгүй байсан тул хууль сахиулагчид арга хэмжээг зохион байгуулахыг хориглоход олон зуун хүн цагдаагийнхны уриалгыг үл тоомсорлон цааш жагсан гудамжаар явсан байна. Жагсагчид "Бидний эрх чөлөөг хасаж байгаа тул бид энд шуугиан тарьж байна", "Бид бол ард түмэн" хэмээн хашгиралдаж, бөмбөр нүдэн шүгэлдэж байжээ. Цугласан олны дунд хүүхдээ дагуулсан гэр бүл, ахмад настнууд ч байсан талаар Дойчи Вилли агентлаг мэдээлжээ. 

 

Эсэргүүцэгчдийн өөр хэд хэдэн жагсаал Бранденбургийн хаалга болон Тиргартен цэцэрлэгт хүрээлэн дэх Ялалтын баганын орчим үргэлжилсэн байна. Энэ цуглаанд "Стандарт бус сэтгэлгээ" санаачлагын бүлгийн гишүүд багтсан бөгөөд тэд Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг эсэргүүцэж байжээ. Эрүүл мэндийн салбар дахь улс төрчид, шинжээчдийн олон улсын уулзалт 10 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ уулзалт Берлин хотноо зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж байгаа юм.

 

Герман дахь коронавирусийн халдварын статистикийг гаргадаг Роберт Кохын хүрээлэн рүү үл мэдэгдэх этгээдүүд ням гарагийн шөнө шатамхай шингэнтэй лонх шидэж, байшинг галдсан бөгөөд гал түймрийг хурдан хугацаанд унтрааж чаджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өвчтэй хүнийг эрүүл хүнээс тусгаарлаж чадахгүй байгаа учраас халдварын тархалт ихэсч байгаа
2020-10-26