БНСУ-д вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо 48 болжээ
2020-10-26

Өмнөд Солонгост томууны вакцинжуулалтад хамрагдсаны дараа нас барсан хүний тоо 48 болсон талаар Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээлжээ. 

 

Хэдийгээр вакцин тариулсны дараа нас барсан хүний тоо нэмэгдсэн ч амиа алдсан тохиолдол болон вакцины хооронд шууд хамаарал илрээгүй гэж эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Вакцинжуулалтыг цаашид үргэлжлүүлэх бөгөөд учир нь томуугаас урьдчилан сэргийлэх тарилга хийснээр ирэх өвөл томуугийн дэгдэлт, коронавирусийн халдварыг хянах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

"Коронавирусийн дэгдэлтийн үед энэ онд вакцинжуулалт нэн чухал, тиймээс одоо томуугийн вакцинжуулалтыг зогсоох цаг нь биш" хэмээн Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн тэргүүн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Түүнчлэн хүн амиа алдсан 26 тохиолдлыг шалгаж дуусахад вакцинаас хамааралтай гэсэн дүн гараагүй гэдгийг онцолсон байна. 

 

Цагдаа болон Шүүх эмнэлгийн үндэсний алба 20 хүнд задлан шинжилгээ хийхэд 13 хүн зүрх судас болон вакцинаас үүдээгүй бусад төрлийн өвчнөөр нас барсан гэдэг нь тогтоогджээ.

 

Харин вакцины дараа нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 12-оор нэмэгдэж, 10 дугаар сарын 24-ний байдлаар 48-д хүрсэн байна. Ийнхүү нас баралт нэмэгдэж байгаагийн улмаас зарим эмч, улс төрчид Өмнөд Солонгост вакцинжуулалтыг зогсоохыг уриалж байгаа юм.

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгост таван сая орчим тун томуугийн вакциныг эмнэлгүүд рүү хүргэх үедээ бага температурт тээвэрлэх ёстой ч энэ горимыг зөрчин, тасалгааны хэмд тээвэрлэсэн нь тогтоогдсон тухай мэдээлэл өмнө нь гарч байлаа.

 

Тус улсад үнэ төлбөргүй вакцинжуулалтын хүрээнд дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчдийн вакциныг ашиглаж байгаа аж. Есдүгээр сард эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сарын 23-ны байдлаар 9,4 сая хүн вакцинд хамрагдсан бөгөөд 1154 сөрөг үр дагавар илэрсэн тохиолдол бүртгэгджээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин