АНУ: Трампыг дэмжихийг уриалсан цагдаа ажлаасаа чөлөөлөгджээ
2020-10-26 10:40

АНУ-ын Нью-Йорк хотын нэгэн цагдаа Трампыг олны өмнө дэмжсэнийхээ төлөө ажлаасаа халагджээ. Тодруулбал, тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжин чанга яригчаар уриа хэлж буй дүрс бичлэг интернетээр тархсаны дараа хотын цагдаагийн газар ийм шийдвэр гаргасан талаар хэлтсийн дарга Дермот Ши Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

"Энэ үйл явдалд оролцсон цагдаагийн алба хаагчийг албанаас нь түр хугацаанд чөлөөлсөн. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд улс төрөөс ангид байж, ингэснээрээ хууль улс төрийн харьяалал, итгэл үнэмшлээс үл хамааран бүгдэд тэгш үйлчилдэг гэдгийг хүмүүст харуулах ёстой гэдгийг давтан хэлье" хэмээн Нью-Йоркийн цагдаагийн газрын дарга онцолжээ.

 

Ням гаригт Твиттер хуудсанд дээрх цагдаагийн алба хаагч дүрслэгдсэн дүрст бичлэг тархсан бөгөөд тухайн цагдаа албаны машин дээр нь байх чанга яригчаар "Трамп-2020" гэх өнөөгийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлын уриаг хэлж байжээ. Мөн тэрбээр өөрийнх нь бичлэгийг авч байгаа хүмүүсийг ичиж, зоволгүй, олон нийтийн сүлжээнд бичлэгээ байршуулахыг хүссэн байна.

 

Энэ үйл явдалтай холбоотойгоор Нью-Йорк хотын дарга Билл де Блазио ч  мөн мэдэгдэл хийж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд улс төрийн үзэл суртлыг дэмжихийг зөвшөөрөхгүй хэмээн Твиттер хуудсандаа бичжээ. "Бид үүнийг тэвчихгүй, нэн даруй арга хэмжээ авна" хэмээн хотын дарга онцолсон байна.

 

Энд дуулгахад, АНУ-д 11 дүгээр сарын гуравны өдөр бүх нийтийн сонгууль болно. Энэ сонгуулиар Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төлөлөөгчдийн танхимын 435 гишүүнийг бүгдийг нь, Конгрессын сенатын гуравны нэгийг, 13 муж, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгоно. Төрийн өндөр албан тушаал болох Ерөнхийлөгчийн суудлын төлөө Бүгд Найрамдах намаас өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нар өрсөлдөж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цагдаа хүн дэмждэг хүнээ дэмжиж орилоол биз яачихсан юм.
2020-10-26