Чили: Пиночетийн үеийн Үндсэн хуулийг хүчингүй болгов

img

Чили улсын олон мянган иргэн Пиночетийн Үндсэн хуулийг хүчингүй болгосон үйл явдлыг тэмдэглэхээр гудамжинд цугларчээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, генерал Аугуст Пиночет эрх барьж байсан он жилүүдэд баталсан Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө Чили улсын иргэдийн дийлэнх олонх нь саналаа өгсөн байна. Тодруулбал, ням гаригт болсон олон нийтийн санал асуулгад оролцсон саналын дүнгийн 90 хувийг тоолоход сонгогчдын 78 хувь нь Үндсэн хуулийг өөрчлөх санал өгчээ. 

 

Чили улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрч, олон нийтийн санал асуулга тайван явагдсаныг онцолсон байна. Мөн энэхүү санал асуулгыг чиличүүд хамтдаа явах замын эхлэл хэмээн нэрлэжээ. 

 

Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулга явуулах болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой юм. Жил орчмын өмнө Чилид Засгийн газрын эсрэг олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, жагсагчид нийгэм дэх тэгш бус байдлыг арилгах шинэ үндсэн хууль батлахыг шаардаж байлаа. Улмаар санал асуулгын дүнгээр Үндсэн хуулийг өөрчллөхөөр болсон явдлыг тэмдэглэхээр олон мянган иргэн Сантьяго болон бусад хотод баяраа тэмдэглэж эхэлсэн байна.

 

Сүүлийн 20 жилийн хугацаанд Чили улс ядууралтай тэмцэхэд ихээхэн амжилт гаргасан ч энэ улсад нийгмийн тэгш бус байдал хурцадмал асуудлуудын нэг хэвээр байсаар байгаа юм. Өнөөгийн Үндсэн хуулийг дарангуйлагч асан Аугусто Пиночет генерал улс орныг удирдаж байх үед 1980 онд баталж байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ZA ENE ULS POPULIZM ZABHARLIIN ZAMRUU OROH NI
2020-10-26