Г.Ёндон: Би болохгүй зүйл хийгээгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр /2020.10.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг өмнө нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын данснаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Үүнд тайлбар өглөө.
Тэрбээр “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй ямар ч хамаагүй, ашгийн төлөө байгууллага бий. Энэ байгууллагад би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд гэрээ байгуулж, томилогдон ажилласан. Гэхдээ өмнө нь 1999 оноос ажиллаж байсан. Дунд нь нэг жил гаруй хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан. Ер нь “Монголросцветмет” ТӨҮГ шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Одоо яригдаж буй баримтыг 2019 онд нээлттэй мэдээлсэн байсан. Өнөөдөр миний хашиж буй албан тушаалтай холбоотой цацагдсан байх. Удирдлагуудад нь өндөр урамшуулал, цалин мөнгө өгөх нь компанийн менежментийг зөв хийж, ашигтай ажиллуулах, улсад төлдөг татвар, ногдол ашгийг нэмэгдүүлэх зорилготой. Тодорхой журам, хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг. Би хувь хүнийхээ үүднээс болохгүй зүйл хийгээгүй. Энэ бол бүх хүнд нээлттэй байсан мэдээлэл.
“Монголросцветмет” ТӨҮГ нь 2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ганц би биш олон ажилтан урамшуулал авдаг гэж ойлгодог. Журамд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт байсан. Тухайн үед Бор-Өндөрийн ажилчид орон сууцаа хувьчилж авч байсан. Миний хувьд сургалтын төлбөрөөс өөр урамшуулал байхгүй. Мөн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах мөнгөн урамшуулал байсан” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ