COVID-19: Буриадад гурван одтой буудлыг эмнэлэг болгон ашиглана
2020-10-27

Дэлхий даяар тархсан коронавирусийн халдварын тохиолдлоор хойд хөрш ОХУ эхний дөрөвт бичигдэж, энэ улсын харьяанд байх Буриад улсад COVID-19-ийн тохиолдол 10 мянгыг даваад байгаа юм. 


Улмаар Буриадын нийслэл Улаан-Үд хотод эмнэлгийн ор хүрэлцээгүйн улмаас гурван одтой зочид буудлын өрөөнүүдийг эмнэлгийн тасаг болгон тохижуулсан талаар Вести агентлаг мэдээлсэн байна. Энэ эмнэлгийг өвчин нь эдгэрэх шатандаа байгаа өвчтөнүүдийн дараагийн шатны эмчилгээ явуулахад ашиглах аж. 

 

Буриадын тэргүүн Алексей Цыденовын мэдэгдсэнээр Улаан-Үд хотод орны нөөцийн 97 хувийг хэдийнэ ашигласан, эмнэлгийн ор хүрэлцээгүйн улмаас ийнхүү нөхцөл байдлыг шийдэх өвөрмөц арга олсон байна. Улмаар коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штабын шийдвэрээр гурван одтой буудлыг коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх эмнэлэг болгон өөрчлөн тохижуулахаар болжээ.

 

Буриадын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, зочид буудлын 150 орны 50-ийг нь эмнэлгийн ор болгон тохижуулж, халдвартын эмнэлэгт эмчлүүлж байсан 20 өвчтөнийг шинэ эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

 

Зочид буудлыг эмнэлэг болгон өөрчлөн тохижуулах ажил хараахан дуусаагүй, 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд биеийн байдал нь тогтвортой болов ч эмнэлгийн асаргаа шаардлагатай өвчтөнүүдэд зориулан 15 хүчилтөрөгчийн цэгийг байгуулах аж.  Эмнэлэгт дөрвөн эмч, 12 сувилагч, 10 асрагч ажиллах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин