Markyz: Үнэнийг ярьж чадахгүй бол чимээгүй байдаг
2020-10-27

 

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн “Leto music label”-ээс бэлтгэгдэж буй “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлагийн дуучин Markyz-тай ярилцлаа.

 

-Танай хамтлагийнхны тайзны нэр олны анхаарлыг ихэд татаж байна. Та нэрээ яагаад Markyz гэж оноосон юм бэ?

 

-Тайсун хааны хоёрдугаар хөвгүүн Маркус 1454 онд наймхан насандаа хаан ширээнд сууж байсан түүхтэй. Энэ хааны нэрээс улбаалсан юм. Б.Наранзун ах анх намайг хараад энэ нэрийг онооно гэсэн. Анх надад “Marky” гэж өгсөн үүн дээр “Z” нэмээд Markyz болгосон юм.

 

-“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос бүрдэх “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлаг байгуулагдах болсон шалтгаан юу вэ?

 

-Бид нар “The Voice of Mongolia” шоунаас хойш таарахаараа биендээ элгэмсэг ханддаг найзууд болсон юм. Явсаар байгаад хамтарч уран бүтээл хийдэг хамтлаг байгуулъя гэж шийдэлд хүрсэн л дээ. Учир нь тус тусдаа соло буюу ганцаарчилсан уран бүтээлийг хэзээ л бол хэзээ хийж болно шүү дээ. Бид тав хамтаараа эрчээ авахыг зорьж байгаа юм /инээв/.  

 

-“The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлагт таны гүйцэтгэж байгаа хоолойн төрөл юу вэ?

 

-Хоолойн хувьд високи баритон хоолойн өнгө гүйцэтгэдэг. Энэ нь дээшээ ч гардаг доошоо ч гардаг нэг ёсны резинэн хоолойтой хүнийг хэлдэг юм. Тийм болохоор хамтлагийнхаа хоолой салгалт, дууны хуваарилалтад түлхүү ажилладаг.  

 

-Танай хамтлаг бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

 

-Бид дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хамтлаг болсныхоо дараа ярьж байгаад байр түрээслээд зуны гурван сарыг хамтдаа амьдарсан. Одоогоор тус тусдаа амьдарч байна. Бэлтгэлээ хамт амьдардаг байхдаа өглөө босоод гам уншдаг байсан. Бүжгийн бэлтгэл гэж бие халаалт, сунгалт хийнэ.

 

-Мэргэжлээ аль сургуульд эзэмшсэн бэ?

 

-Би 2008-2013 онд Хөгжим бүжгийн сургуульд дуучин мэргэжлээр сурч төгссөн. Хоол хийх сонирхолтой учраас тогооч мэргэжлээр үргэлжлүүлэн сурсан. Түүний дараа СИТИ сургуульд жүжигчин мэргэжлээр сурсан. Хөгжимчин, тогооч, жүжигчин, дуучин мэргэжилтэй.

 

 

 

-Өөр орчинд өсөж хүмүүжсэн залуус хамт амьдарч хоорондоо ойлголцоход хэр байсан бэ?

 

-Орон сууцанд амьдарсан болохоор хүндрэлтэй зүйл байсан. Дээд, доод айл дуулж хуурдахад дургүйцнэ. Хөршүүд маань дуудлага өгч хоёр удаа цагдаа ирсэн. Эхний удаа торгуулаад, харин дараагийн тохиолдолд биднийг таниад гайгүй өнгөрөөсөн юм. Энэ явдал хүндрэлтэй гэхээс илүү хөгтэй, дурсамжтай явдал болж санаанд буудаг.

Бидэнд үл ойлголцох үе гардаг. Тэр болгоныг зорилго нэгтэй болохоор эвийн эрхэмлэж ямар ч асуудалгүйгээр шийдэж чаддаг. Биднийг эвтэй байлгадаг гол зүйл бол нэгдсэн зорилго байх гэж бодож байна. Учир нь бид тав тавуулаа нэг зүгийг олоод харчихсан нь их гоё. Тийм болохоор бидэнд үл ойлголцол том саад байж чаддаггүй дотроос шатаж, дүрэлзээд байгаа тэмүүлэлдээ хөтлөгдөөд л биенээ хайрлаж хүндэлдэг.

 

-Та өөрийнхөө эрхэмлэдэг зан чанараас дурдвал?

 

-Би худал, хуурамч занд дургүй. Тийм болохоор хуурамч занг тэвчдэггүй. Аль болох үнэн байхыг хичээдэг. Хэрвээ үнэнг ярьж чадахгүй бол чимээгүй байдаг.

Салхи хэчнээн хүчтэй салхилсан ч уул бөхийдөггүй юм аа гэдэг үгэнд их дуртай.

 

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

 

Э. Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин