Беларусийн эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, 200 гаруй хүн баривчлагджээ
2020-10-27

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байсан Светлана Тихановская 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Беларусь даяар "үндэстний ажил хаялт" эхлэж байгаа талаар зарлаж байлаа. Өмнө нь сөрөг хүчин Александр Лукашенкод хандан албан тушаалаасаа огцрох, улс төрийн хоригдлуудыг суллах зэрэг хэд хэдэн шаардлага тавьж, энэ шаардлагыг биелүүлэх хугацааг тулгасан бөгөөд 10 дугаар сарын 26-ны өдөр энэ хугацаа дууссанаар ийнхүү улс орон даяар ажил хаялтад нэгдэнэ хэмээн Тихановская мэдэгдэж байв.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын 26-ны даваа гарагт Беларусийн "үндэсний хэмжээний ажил хаялт"-д хувийн компаниуд болон цөөн үйлдвэрүүд нэгдсэн байна. Харин тус улсын эрх баригчид бүхий л байгууллагууд хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн мэдэгджээ. 

 

Даваа гарагт Беларусийн нийслэл Минск хотын төвд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг өндөр настнууд болон оюутнууд зохион байгуулсан байна. Энэ үеэр мөн л олон хүн баривчлагдсан талаар News.ru мэдээлжээ. 

 

Беларусийн хүний эрхийн "Весна" байгууллагын мэдээлснээр, даваа гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 230 гаруй хүн баривчлагдсан байна. Ихэнх хүмүүс Минск хотоос баривчлагдсан бөгөөд Брест, Гродно, Лида, Могилев хотуудад ч баривчилгаа явагдсан талаар Интерфакс мэдээлжээ. 

 

Даваа гарагийн өглөө Беларусийн хэвлэл мэдээллийнхэн тус улсын хэд хэдэн томоохон үйлдвэр, байгууллагууд дээр ажилтнуудын цуглаан болж, ажил хаялт зарлаж магадгүй нөхцөл үүссэн талаар мэдээлж байв. Түүнчлэн Беларусийн зарим их дээд сургуулиудад суулт зарлагдах талаарх мэдээлэл ч гарч байлаа. Мөн зарим сургуулийн оюутнууд Минск хотын гудамжаар цуваа үүсгэн жагсаж, энэ үеэр хууль сахиулагчид баривчилгаа явуулжээ. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, Минск хотод эсэргүүцэгчид автозамын хажуугаар амьд гинжин хэлхээ үүсгэн зогсчээ. Гэвч тэдэн рүү үл мэдэгдэх этгээдүүд хэдэнтээ халдсан бөгөөд хар шилтэй машинтай хүмүүс гинжин хэлхээ үүсгэсэн цувааны хажуугаар зөрж өнгөрөхдөө пейнтболын буугаар будгаар буудсан байна.

 

Минск хотын Тусгаар тогтнолын өргөн чөлөөний хэд хэдэн газарт хүчнийхэн жагсагчдыг саатуулан баривчилж, мөн эсэргүүцлийг тараах үүднээс гэрэлт дуут гранат зэрэг тусгай хэрэгсэл ашиглажээ.

Беларусийн эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?

 

News.ru агентлагийн мэдээлснээр, Минск хотын төв талбайнуудыг хүчнийхэн бүслэж, тусгай зориулалтын цагдаагийн отрядынхныг суулгасан хэд хэдэн автобус, хуягт машинууд гудамжуудад харагдсан байна. Мөн энэ үеэр хотын төвөөр байх томоохон худалдааны төвүүд "техникийн шалтгаанаар" гэсэн нэрийдлээр цагийн хуваариасаа өмнө хаасан нь "дээрээс ирсэн зааварчилгаа", "эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж болзошгүй байсантай холбоотой" гэж гэрчүүд өгүүлжээ.

 

Эсэргүүцлийн шалтгаан 

 

Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн давалгаа гурван сарын туршид үргэлжилж байна. Наймдугаар сарын есний өдөр тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнөөгийн Ерөнхийлөгч, 26 дахь жилдээ төр барьж буй Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулан, харин сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан юм. Сонгуулийн хэсгүүд хаагдаж, урьдчилсан мэдээлэл гарсан даруйд беларусьчууд үймж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн эхний өдрүүдэд тус улсын хууль сахиулах байгууллагынхан жагсагчдыг бороохойгоор зодож гэмтэл учруулах, хүний сонсголын эрхтэнд онцгой сөрөг нөлөөтэй гэрэлт дуут гранат шидэх, резинэн сумтай буугаар буудах зэргээр иргэдийн эсрэг ихээхэн хүч хэрэглэж байлаа.

 

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг олон орон хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Лукашенког хүлээн зөвшөөрөөгүй орнууд нь Европын холбоо, АНУ, Герман, Украин,Литва, Латви, Эстони, Словаки, Чехи, Ирланд, Канад, Их Британи, Дани, Польш улс юм.

 

Хэдийгээр олон орон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болон Лукашенког хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй байгаа ч сонгууль өндөрлөсний дараахан Лукашенкод баяр хүргэсэн улс орнууд олон бий. Эдгээр орнуудын ихэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд байгаа юм. 

 

Александр Лукашенкод ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн орнуудад ОХУ,  БНХАУ, Турк, Казахстан, Азербайжан, Армени,Кыргызстан, Молдов, Тажикистан, Узбекистан, Сири, Никарагуа, Венесуэл, Вьетнам улс багтаж байна.

 

Беларусийн эсэргүүцэл: Лукашенко хоригоос мултрав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хммммм:
Халзан сдаа өвгөнийг шууд бууд shit
2020-10-28