Ж.Батзолбоо: Нөхөн сэргээлт жилээс жилд сайжирч байна
2020-10-28

 

Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоотой “Нөхөн сэргээлт 2020” арга хэмжээний талаар ярилцлаа.

 

-“Нөхөн сэргээлт 2020” тооллого хийгдэж дууссан. Энэ жилийн хувьд олборлолт явуулах зөвшөөрөл бүхий хэчнээн талбай байсан бэ?

 

-Нөхөн сэргээлт 2020 ерөнхий ажил саяхан дууслаа. Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хянаж шалгалаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчинтэй болон өмнө нь хүчинтэй байсан 276 тусгай зөвшөөрөлтэй талбайд шалгалт хийсэн байна.

 

-Дээрх тусгай зөвшөөрөлт талбайд хэчнээн га талбай эвдэгдсэн байна вэ?

 

-Улаанбаатар хотын зургаан дүүргийн 99 байршилд 2412 га талбай эвдэгдсэн байна. Үүнээс Багануурын уурхайн улмаас 1179 га, Налайхын нүүрсний уурхайн улмаас 667 га, түгээмэл тархацтай ашигт малтмалын улмаас эвдэгдсэн 566 га талбай байсан. Улаанбаатар хотод 2020 оны байдлаар техникийн нөхөн сэргээлтийг 184,67 га талбайд хийж дууслаа. Үүнээс 72,28га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийсэн юм. Ямар нэгэн эзэн холбогдогчгүй ухагдаж эвдэгдсэн газрууд бас бий.

 

-Олборлолт хийсэн эзэн холбогдогчгүй газрууд бий гэлээ. Ийм хэчнээн га талбайд нөхөн сэргээлт хийсэн бэ?

 

-Эзэн холбогдогч тодорхойгүй эвдэгдсэн газар Налайх дүүрэгт байсан. Энэ нь бичил уурхайн улмаас эвдэгдсэн гэдгийн тогтоосон. Гар аргаар нүүрсний цооног ухсан байсан юм. Эзэн холбогдогч тодорхойгүй 50 га талбайд нийслэлийн суурь хөрөнгөөр нөхөн сэргээлтийг хийгээд байна.

 

-Хэдэн янзаар нөхөн сэргээлтийг хийдэг вэ?

 

-Нөхөн сэргээлтийг стандартын дагуу хоёр ангилдаг. Техникийн болон биологийн гэж бий. Манай улс энэ хоёр нөхөн сэргээлтийг хоёуланг нь хийж байгаа. Эхний ээлжид эвдэгдсэн газруудынхаа хэмжээ хохирлыг тооцоод дараагаар нь техникийн нөхөн сэргээлтийг хийдэг. Энэ нь ухаж төнхсөн газраа түнхэн дүүргэлт хийж тэгшлээд ургамал ургах боломж бүрдсэн нөхцөлд нь хүргэхийг хэлнэ. Харин түүний дараа биологийн нөхөн сэргээлт буюу ургамлын үрийг цацна.

Байгалийн баялгийг авчхаар тэр хэсэгт хоосон орон зай бий болдог. Иймд нөхөн сэргээлт шаардлагатай. Тиймээс стандартад заасны дагуу 18 градус хүртэл тэгшлээд ямар нэгэн байдлаар хүн, мал унаж үхэхгүй түвшинд хүргэнэ. Дээрээс нь шимт хөрсөө дэвсээд ургамал ургах нөхцөлийн бүрдүүлдэг.

 

-Нөхөн сэргээлтийг хийхэд улирлын байдал хамаатай юу?

 

-Биологийн нөхөн сэргээлтийг ургамал ургах боломжтой улирал буюу дулааны улиралд хийнэ. Өвлийн улиралд газрын хэвлий хөлддөг учраас нөхөн сэргээлт хийгддэггүй. Налайх дүүрэгт хүйтэн орохоос өмнө энэ сарын эхээр 1 га талбай ам цооногуудад үнсээр дүүргэлт хийж, тэр амнаасаа гарсан хөх шороогоор  хучиж, дээрээс нь шимт хөрс буюу хар шороон хөрсөөр бүрэн ургамлын үрийг цацсан. Ингэхээр ургамал ургах нөхцөл бүрддэг.

 

-Үнсээр нөхөн сэргээлт хийсэн гэв үү? Салхи дэгдэх үед үнс агаарт дэгдэхгүй юу?

 

-Тухайн амаас гарсан хөх шороогоор нь үнсээ дарж өгч байгаа нь ямар нэгэн байдлаар үнс агаарт дэгдэж шороо салхи шуурахад бужигнахгүй нөхцөлийг бүрдүүлчхэж байгаа юм. Тухайн газраас гарсан хөх шороог нь дэвсэж шимт хөрс буюу хар шороо дэвсэж байгаа учраас ургамал ургах нөхцөл бүрдчихнэ.

 

-Нөхөн сэргээгдэх боломжгүй уулын хайрга, дайрга зэрэг байгалийн дагалдах баялаг бий. Үүнийг яаж орлуулдаг юм бэ?

 

-Нөхөн сэргээлт хийх боломжгүй аж ахуйн нэгжүүдийг дүйцүүлэн хамгааллын хүрээнд байгаль орчныг хамгаалах чиглэлийн ажлыг хийлгэдэг. Үүнд түймрийн харуулын цамхаг, шувуу ажиглах цэг, ухаалаг худаг, уст цэг зэрэг ажлууд энэ жилийн ажлын хүрээнд хийгдэж байна. Ухаалаг худаг, уст цэг буюу одоо хийгдэж дуусаагүй аж бий. Энэ нь хүний оролцоогүйгээр ангасан хээрийн зэрлэг амьтад ус уух цэгтэй болгож байгаа ажил юм. Энэ уст цэг нь нар, салхиар ажиллана. Эхний ээлжид Багахангай дүүрэгт нэг цэгийг сонгосон. Өртгийн хувьд өндөр учраас олон аж ахуйн нэгжүүдийг оруулсан ажил болж байна.

Нөхөн сэргээгдэх боломжгүй олборлолтод уулын хайрга, дайрга, хүрмэн, боржин орно. Тэдгээрийг олборлогчид цөөн бий. Мөн нөөцөө авч байгаа буюу ашиглаж дуусаагүй, нөхөн сэргээлт хийх болоогүй аж ахуйн нэгжүүд  дүйцүүлэх ажлыг хийдэг юм.

 

-Биологийн нөхөн сэргээлтийг хийвэл байгаль өмнөх онгон төрхөндөө буцаж чадах уу?

 

-Нөхөн сэргээлтийн үр дүн тухайн үедээ биш хоёроос гурван жилийн дараа харагддаг. Бид аль болох байгалийн унаган төрхөд хамгийн боломжит хэмжээгээр ойртуулан хийж байгаа. Баялаг ашиглагчдын зарим нь  өмнөх төрхөөс нь давуулан сэргээсэн тохиолдол байдаг.

 

-Энэ жилийн нөхөн сэргээлтийг өмнөх жилүүдтэй харьцуулбал хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?

 

-Экологийн цагдаагийн алба, мэргэжлийн хяналтын газрын хамтран хийсэн шалгалтын дүн гараад дууссан. Улаанбаатар хотын хэмжээнд 184,67 га талбайд нөхөн сэргээлтийг 2020 онд хийсэн. Энэ нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 3,8 дахин өссөн үзүүлэлт юм. Жилээс жилд нөхөн сэргээлт сайжирч байгааг энэ үзүүлэлт харуулж байна.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Монгол Иргэн:
ШАЛ ХУДЛАА ПОП ДООЧ... ЗУСЛАН ОРЧМЫН БАЙГАЛЬ СҮЙДЭЖ ДУУСАЖ БАЙНА..
2020-10-28