Лукашенко: Хүмүүс ажиллах хүсэлгүй байвал тэр л биз...
2020-10-28

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй олныг хамарсан эсэргүүцэл гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Энэ долоо хоногоос сөрөг хүчний төлөөлөгчид иргэдийг ажил хаялтад уриалсан бөгөөд энэ уриалгад зарим хувийн байгууллагууд нэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. 

 

Харин энэхүү ажил хаялтыг хилийн чанадаас, тэр дундаа Литва, Польшоос санхүүжүүлж байгаа гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр үзэж байгаа аж. Тэрбээр 10 дугаар сарын 27-ны өдөр төрийн албан тушаалтнуудтай хийсэн зөвлөгөөний үеэр ажил хаясан хүмүүсийг хэн ч ятгахгүй хэмээн онцолсон талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

"Ажилчид ажиллах хүсэлгүй бол тэр л биз. Гэхдээ ажиллах хүсэлгүй байгаа нь цөөн. Төлбөр аваад ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөл. Цөөн хэдэн хүнд Польш, Литва улсаас мөнгө төлжж байгааг бид мэдэж л байгаа шүү дээ" хэмээн Лукашенко мэдэгдсэнийг "Беларусь 1" суваг дамжуулжээ.

 

Беларусь улсад наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн өнөө хэр нь намжихгүй байгаа юм. Энэ сонгуулиар Александр Лукашенко ялалт байгуулсан бөгөөд харин түүний өрсөлдөгч байсан, сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская 10 дугаар сарын 25-ны дотор Лукашенког албан тушаалаасаа буухыг шаардаж, шаардлагыг биелүүлэхгүй бол үндэстэн даяар ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байв. Түүний энэ санаачилгыг хэд хэдэн байгууллага дэмжсэн талаар Tut.by портал мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэмцэгчид гэгч, залхуучуудаа өөгшүүлэн солиорогсод хаана ч адилхан сөрөг хүчнийхний санхүүжилт турхиралтаар үймүүлж байдаг нь нууц биш!
2020-10-28