АНУ: Арьсны үзлээс үүдэлтэй үймээн дахин эхлэв
2020-10-28

Америкийн Филадельфи хотод өнгөт арьстан Уолтер Уоллес амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл дэгдсэний улмаас тус хотод эмх журмыг сахиулах үүднээс Үндэсний гвардын хэдэн зуун алба хаагчийг илгээжээ. Энэ талаар Үндэсний гвардын албан ёсны цахим хуудас дээр мэдээлсэн байна.

 

"Захирагч Том Вулф болон Пенсильвани мужийн онц байдлын газрын захирамжаар Үндэсний гвард орон нутгий эрх баригчдад иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалах, түүнчлэн тайван жагсаал цуглаан хийх эрх мөрдөгдөх нөхцлийг хангахын тулд хэдэн зуун алба хаагчийг илгээж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Үндэсний гвардын мэдэгдсэнээр хүн ам болон дэд бүтцийн объектуудад аюул учруулахуйц үймээн гарсан нөхцөлд тавигдсан зорилтуудыг гүйцэтгэхэд тусгайлан бэлтгэгдсэн алба хаагчдыг илгээж байгаа гэнэ.

 

АНУ-д олон сарын туршид арьсны үзлээс үүдэлтэй үймээн, эмх замбараагүй байдал гарч байгаа юм. Тухай бүрт Америкийн цагдаа нар өнгөт арьстны эсрэг зэвсэг хэрэглэсэн, улмаар хохирогч амь насаа алдсан тохиолдлууд байв. Энэ удаад, цагдаагийн ажилтнууд өнгөт арьстан Уолтер Уоллесыг хөнөөсөн нь ийнхүү дахин үймэх шалтгаан болсон байна.

 

Хэргийг тодруулбал, 10 дугаар сарын 26-ны өдөр биедээ хутга авч явж байсан гэж цагдаагийнхан таамагласан, өнгөт арьстан Уолтер Уоллесд удаа дараа сануулга өгсний дараа цагдаагийн ажилтнууд түүнийг бууджээ. Улмаар өнгөт арьст эр шархдсаны улмаас нас барсан байна. Энэ хэргийн дараа Филадельфи хотод эсэргүүцэл эхэлж, улмаар эмх замбараагүй байдалд шилжжээ.

 

Мягмар гаригт Филадельфи хотын цагдаагийн даргын мэдээлснээр эмх замбараагүй байдлын улмаас 30 цагдаа гэмтэж, бэртсэн байна. Мөн үймээний үеэр эрх баригчдын шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчдын биед халдсан, дээрэм, тонуул хийсэн хэргээр 91 хүнийг баривчилжээ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин