Нацистын Германы үйлдсэн цэргийн гэмт хэргийг "геноцид" гэж шүүх үзэв
2020-10-28

Оросын Новгород мужийн шүүх Агуу их эх орны дайны үеэр Жестяная горка тосгонд цэргийн олзлогсод болон энгийн иргэдийг олноор нь буудан хороосныг геноцид буюу хомроглон устгасан хэрэг хэмээн хүлээн зөвшөөрчээ. 1942-43 онуудад энэ тосгонд нацистууд 3000 гаруй хүнийг хөнөөсөн бөгөөд тэдний дунд өндөр настнууд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч байсан аж. Энэ хэргийг шүүхээр геноцид гэж хүлээн зөвшөөрсөн нь Оросын шүүх ажиллагаан дахь анхны тохиолдол юм байна. 

 

1947 онд Новгородод цэргийн шүүх нацистуудын цөөн хэдэн хүнд буюу офицерийн бүрэлдэхүүнийг шүүхээр буруутгаж байжээ. Гүйцэтгэгчид болох 30 орчим хүн зугатсан байсан аж.

 

"Энгийн хэрэг гүйцэтгэгчид дунд Латвийн иргэд ч байсан. Тэд энгийн иргэдийг олноор нь буудан хөнөөсөн" хэмээн Новгород мужийн Прокурорын газрын иргэний эрхзүйн хэлтсийн дарга Виталий Новиков онцолсныг Вести агентлаг дамжуулжээ.

 

Агуу их эх орны дайны үед гарсан энэхүү аймшигт хэргийг шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэнэ. Мөрдөн байцаагчид болон эрэл хайгуулчид олон мянган баримт бичгийг судлаж, цогцосны үлдэгдлүүдэд криманилистикийн шинжилгээ хийхэд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг буудаж, хэрцгийгээр тамлаж байсан нь тогтоогджээ. Мөрдөн байцаах ажиллагаанд тухайн үед амиа алдсан хүмүүсийг танихад  төрөл төрөгсөд нь  ч тусалсан бөгөөд тэд шүүх ажиллагаанд биечлэн оролцсон байна. 

 

Дайны үеийн хэргийг ийнхүү шүүхээр геноцид гэж хүлээн зөвшөөрсөн тогтоол гарснаар амиа алдагсдын төрөл төрөгчид нөхөн төлбөр шаардах эрхтэй болох гэнэ. Фашистын алан хядлагын улмаас хохирсон хүмүүсийн нөхөн төлбөр болгож Герман улс өмнө нь 60 тэрбум ам.доллар төлж байжээ. 

 

"Миний мэдэж байгаагаар, Герман улс зөвхөн олон улсын шүүхийн шийдвэрийг л дагаж зохих төлбөр төлдөггүй. Оросын шүүхийн шийдвэрийг Германы шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэж Германы хууль тогтоомжийн дагуу үзвэл нөхөн төлбөр төлнө гэдэгт би эргэлзэхгүй байна" хэмээн Оросын хуульч Иван Соловьев өгүүлсэн байна.

 

Агуу их эх орны дайны үед Жестяная горка болон Черное тосгодын ойролцоо нацистууд хүмүүсийг олноор нь хөнөөсөн аймшигтай хэрэг гарч байжээ. Энэ хэргийн улмаас 3700 хүн амиа алдсаныг баримтаар тогтоосон бол 2019 онд "Долина" эрэл хайгуулын экспедици гурван хүүхэд, жирэмсэн эмэгтэйн цогцос бүхий нийт 42 хүний цогцосны үлдэгдлийг олсон байна.

 

Тухайн үеийн гэрчүүдийн мэдүүлгээр Жестяная горка болон Чёрное тосгод руу цэргийн олзлогсод, партизан болон энгийн иргэдийг аваачжээ. Ингээд Жестяная горка тосгоны орчимд хуаран бий болгон, тэнд хүмүүсийг 2-3 өдөр байлгаад дараа нь устгадаг байсан бөгөөд тиймдээ ч энэ газрыг Новгородын Освенцим хэмээн нэрлэх болсон юм. 

 

1944 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улаан арми Батецкийн нутаг дэвсгэрийг чөлөөлсний дараа аймшигт баримтууд дэлгэгдсэн бөгөөд нацистууд энэ бүс нутгийг эзлэсэн байх үедээ хүн амыг бараг бүхэлд нь устгасан байна. Дайнаас өмнө 29 мянган хүн амьдарч байсан энэ газарт Улаан армийнхан ирэхэд ердөө 5000 хүн үлдсэн байжээ. Хүн амын 21 мянга гаруйг Герман руу ажилд цөлсөн бол олон мянган хүнийг цаазалсан байна. Нацистууд эзлэн түрэмгийлэх үеэрээ 4,4 мянган амины сууц, бүхий л үйлдвэр болон хөдөө аж ахуйн байгууламжууд, 45 сургуулийг шатаан устгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov zov, nazistuud odoo bas bosoh geed baigaa
2020-10-28