Тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардууллаа
2020-10-28 15:25

 

Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үед Тусгаарлах ажиглалтын байранд ажилласан Резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон резидент эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ удаад анхны явсан, гэр бүлээрээ ажилласан,  хэд хэдэн удаа тусгаарлалтад ажилласан гэх мэт хүмүүст мөнгөн  урамшуулал олголоо. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар хийх юм байна.


Мөн энэ үеэр Тусгаарлан ажиглах байрыг хариуцан ажилласан ЭМХТ-ийн мэргэжилтэнүүд, жолоочид  ОБЕГ-ийн шагнал гардууллаа.

 

 

Суурин иргэншил төлөвшин тогтож, даяаршлаар амьсгалж байсан хүн төрөлхтний өмнө 2020 он Ковид-19 цар тахал нь шинэ сорилтыг гаргаж тавьснаар, дэлхий ертөнцөө шинээр харах, байгаль дэлхий, хүний оролцоог эргэн харах шаардлагатай болсныг санууллаа.



Монгол улсын засгийн газраас цаг үе, нөхцөл байдлыг зөв үнэлэн, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллан Улсын Онцгой Комиссын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, зарим хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” 03 дугаар тогтоол гарснаар орон нутгийн зам, тээврийг хэсэгчлэн хааж, нутаг дэвсгэр дээрх халдварын байдлыг үнэлэн тодорхойлж, гадаад улсаас зорчин ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад байлган халдвар дамжих замыг бүрэн хааж чадсанаар одоог хүртэл улс дотроо халдвар дамжаагүй цөөн орны тоонд ороод байна.

 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалын Нийтийг хамарсан гамшиг, халдварт өвчний цар тахал, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд резидент эмч нарыг дайчлан ажиллуулах заалтын дагуу ЭМЯ-ны шууд удирдлагаар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Резидент нарт төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрх бүхий 21 төв, тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын суралцагч нарыг тусгаарлан ажиглалтын байр хариуцсан эмчээр дайчлан ажиллуулсан.

 

 

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтын байранд 21 хоног хянаж халдварын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлснээс хойш хилийн чанадаас эх нутгаа зорин ирсэн 27000 иргэнийг  тусгаарлах байранд хүлээн авч нийт хот орчмын 40 буудалд 270 удаагийн томилгоогоор 705 резидент эмч үүрэг гүйцэтгээд байна.


Тусгаарлан ажиглалтын байранд резидент эмч нар нь иргэдийн биеийн байдлыг хянаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хавьтлыг аль болох бага байлгах үүднээс өдөрт 5 удаа хоол зөөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, тусгаарлалтад ажиллаж байгаа багийг удирдан үүрэг гүйцэтгэж байна.

 

Ковид-19-ийн батлагдсан тохиолдлын ихэнх хувь тусгаарлан ажиглалтын байрнаас илэрч эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан нь халдварын голомтод өргөсөн тангарагтаа эзэн болж, бусдын тусын тулд эрсдэлээс няцалгүй, ар гэр, үр хүүхдээ хойш нь тавин, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дуудсан цагт бэлэн хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа резидент эмч нарын хичээл зүтгэлтэй шууд холбоотой.

 

 

Тусгаарлалтад дайчлагдан ажиллан бид бүхний эрүүл мэндийн халдашгүй дархан хилийг хамгаалан сахисан нийт эмч нартаа талархал илэрхийлж байна.

 


 

Эх сурвалж: ЭМЯ 

Shuud.mn
Сонин хачин
?:
Эмч нар гар барихгүй байж чадахгүй байна уу?!
2020-10-29