COVID-19: Европт байдал хүндэрч, Франц дахин хөл хорио тогтоов
2020-10-29

Дэлхий дахиныг хамарсан цар тахал намжих шинжгүй, Европт байдал дахин хүндэрч байна. Энэ тивийн олон орон коронавирусийн дэгдэлтийг хязгаарлахын тулд дахин хөл хорио, тусгаарлалт зарлаж эхэлжээ. 

 

Франц-дахиад л хөл хорио 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лхагва гаригт ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр коронавирусийн халдварын өсөлт нэмэгдэж байгаа тул тахалтай тэмцэх зорилгоор Засгийн газар хатуу арга хэмжээ авч, 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоож байгааг зарласан байна. Ингэснээр тус улсад тусгаарлалт хэрэгжиж, зоогийн газрууд хаалгаа барих аж. 

 

Баасан гарагаас эхлэх хөл хорио улс орон даяар үйлчлэх бөгөөд энэ үеэр гагцхүү дунд сургуулиуд болон төрийн байгууллагууд ажиллах юм байна. Өнгөрсөн хаврынхтай адил гэрээсээ зөвхөн хүндэтгэх шалтгаанаар гарахын дээр хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрүүд дахин хаагдах аж. Мөн Франц руу зөвхөн энэ улсын иргэдийг нэвтрүүлэхийг л зөвшөөрчээ. Хөл хорионы эхний шат 15 хоног үргэлжлэх бөгөөд нөхцөлл байдлаас хамааран сулруулах эсвэл чангатгах арга хэмжээ авна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

 

"Би францчуудыг хамгаалах үүрэгтэй, мөн би үүний төлөө хариуцлага хүлээнэ" хэмээн Францын Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэлдээ "хамгийн таагүй таамаглалд тусгаагүй" хурдаар коронавирус тархаж байгааг онцолсон байна. Энэ улсад сүүлийн долоо хоногт халдварын тоо эрс өссөн бөгөөд бүхий л нутаг дэвсгэр аюултай нөхцөл байдалд байгааг Макрон онцолжээ.

 

Францад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 1,3 сая бүртгэгдэж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа юм. Коронавирусийн халдварын улмаас энэ улсад 34,8 мянган хүн нас баржээ.

 

Европын бусад оронд

 

Германд ч байдал хүнд байгаа тул 11 дүгээр сарын хоёрноос сар дуустал хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. Германчуудыг хүмүүстэй аль болох бага харилцаж, аялал, хамаатан садан руугаа зорчиж зочлохыг татгалзахыг уриалсан байна. Сарын хугацаанд бүхий л зоогийн газар, кафе, амралт чөлөөт цаг өнгөрөөх газар болон үйлчилгээний бараг бүхий л салбар хаагдах юм байна. Дэлгүүрт нэг хүнд 10 квадрат метрийн зай оногдохоор тооцон хүмүүст үйлчлэхийг үүрэг болгожээ.

 

"Вирусийн тархалтын хэм маш өндөр болсон. Халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай өсч байна. Ийм ачаалалтай үед манай эрүүл мэндийн систем хэдхэн долоо хоногийн дотор хямралд орно. Тиймээс бид эрүүл мэндийн салбарт онц байдал үүсэхээс зайлсхийхийн тулд яг одоо арга хэмжээ авах ёстой" хэмээн Германы канцлер Ангела Меркель цохон тэмдэглэсэн байна.

 

Ийнхүү хөл хорио тогтоосон нь коронавирустэй хийх тэмцэл төдийгүй Европт улам бүр нэмэгдэж байгаа эсэргүүцлийг тогтоон барих гэсэн арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна. Ирэх сарын эхнээс хөл хорио тогтоохоор болсон Герман улсад Берлиний гудамжаар хязгаарлалтыг цуцлах эсвэл төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсоор байгаа юм. 

 

Хоногт илрэх коронавирусийн халдварын тоо дахиад л дээд үзүүлэлтэд хүрсэн Итали улсад мөн л эсэргүүцэл дэгдсээр байгаа юм. Ром болон Милан хотод жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол ч гарчээ. Жижиг бизнеснүүдийг хаасан нь иргэдээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч ийнхүү жагсаал, мөргөлдөөнд хүрсэн байна.

 

Харин Швейцар улсад хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Гэхдээ үдшийн 23.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосон юм. Түүнчлэн олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй  зүүх журам үйлчилж эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
энэ корона европад 2 дахь давлагаа хүчтэй эхлэж өвлийн улирал ирж байна монголчууд маань их хэнэггүй шүү яандаа болгоомж илүүдэхгүй байх шүү
2020-10-30