Беларусийн эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг 650 эрүүгийн хэрэг үүсгэжээ
2020-10-29

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл Беларусьт гурван сарын хугацаанд үргэлжилж байгаа юм. Жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хууль сахиулах байгууллагынхан өдөр бүр л иргэдийг олноор нь баривчилж байгаа тухай мэдээлэл байнга гардаг бөгөөд зарим тохиолдолд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

 

Өнөөдрийн байдлаар эсэргүүцлийн үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр 657 эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Беларусийн Ерөнхий прокурор Андрей Швед мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 70 хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ сарын эхээр 400 хэрэг үүсгэсэн байсан ч сарын сүүл болоход эрүүгийн хэргийн тоо эрс өссөн гэнэ.

 

"Аравдугаар сарын эхээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, албан тушаалтнуудын эсрэг хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр 400 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар 657 эрүүгийн хэргийг шалгаж байна" хэмээн Беларусийн Ерөнхий прокурор мэдэгджээ.

 

Түүнчлэн эсэргүүцлийн үеэр үйлдэгдсэн зарим гэмт хэргийг алан хядах ажиллагаа гэж зүйлчлэх эсэх асуудлыг авч хэлэлцэж байгаа талаар тэрбээр онцолсон байна. 

 

Тухайлбал, Мозыр дахь Автын хяналтын газрын барилгыг шатаасныг Беларусийн Улсын аюулгүй байдлын хороо терроризм гэж үзсэн талаарх мэдээлэл 10 дугаар сарын 28-нд гарч байлаа. Барилгыг галдан шатаасан хэрэг лхагва гаригт шилжих шөнө гарсан бөгөөд гал түймрийн улмаас сайн дурын ардын нөхөрлөлийнхөн байрладаг танхимын хана, шал, офисын тоног төхөөрөмжүүд галд өртжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин