Д.Амараа: Чулуун хөрөг язгууртан хүний шинжийг илтгэдэг
2020-10-29

 

Өнгөрсөн цагийн түүхийг өнөөдөр надад шивнэх шиг хүн чулуу ширтэнэ. Уйтгар гуниг, баяр баясал гээд л өнгөрөөсөн цаг хугацааныхаа түүхийг ганцхан танд л шивнэнэ. Энэ бол  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей. Энэ музейд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-нд үзэгчдийн хүртээл боллоо.

 

Уран бүтээлч Д.Амараа:

 

-Би зураач мэргэжилтэй. 1998 онд “Дөрвөн цагийн морьд” уран бүтээлийн үзэсгэлэн, 2015 онд “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэн, 2018 онд “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн үзэсгэлэнгээ гаргаж байлаа.

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Дарьгангын хүн чулууг судалж гэрэл зурагаар баталгаажуулж, гар зураг үйлдэж явсан. Хуучин Дарьганга хошуунд одоогийн Сүхбаатар аймгийн урд талын сумдын нутаг ордог. Дарьгангын өв соёлын салшгүй нэг хэсэг бол чулуун өв соёл буюу хүн чулуун хөрөг, дурсгал. 

 

 

Энэ удаагийн үзэсгэлэн маань “Хаадын хөрөг” нэртэй гарч байна.  Чулуун хөрөгөөс харахад хаан хүн, язгууртан  хүний шинжийг илтгэсэн дүр дүрслэлтэй байсан.  Дарьгангачууд одоог хүртэл хүн чулууг  чулуун хөрөг гэж нэрийддэг. Хүн чулуу байгаа газар хөрөгтэй холбоотой нэр өгч заншсан.

 

 

-“Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнд хэдэн бүтээл дэлгэгдсэн бэ?

 

-Энэ удааагийн гэрэл зургийн үзэсгэлэнд 50 гаруй судалгааны гэрэл зураг, 10 гаруй гар зураг дэлгэгдсэн байна. Хүн чулууны зургийг авахын тулд багагүй зүйлийг уншиж судалж, нэг бүрчлэн очиж үзэж гэрэл зураг авлаа. Үзэсгэлэнгийн минь гол зорилго өв соёл түүхээ бусдад таниулж, сурталчлах. Ингэж сурталчлахын  давуу тал нь түүхийн дурсгалт бүтээлийг хамгаалах, хамгаалалт болдог. Хүссэн хэн бүхэн  хүн чулууг очиж үзэх боломжтой. Гэхдээ түүхийн үнэт өвөө хамгаалах хэрэгтэй. Хэнтий, Дорнод аймагт, мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт ижил төстэй дурсгалууд байдаг. Хамгийн хол зорьж очиж үзэж байсан хүн чулуу гэвэл Дорнод аймгийн Халх гол сумаас 60 км зайд байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос мянга гаруй  км зам туулан очиж хүн чулуу үзэж судалж байсан гэсэн үг. Цаашид судалгаагаа нарийвчлан явуулна гэв. 

 

Уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-наас арваннэгдүгээр  сарын 06 хүртэл  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх аж. 

 

М.Насан

 

 

Shuud.mn
Сонин хачин