Филадельфид хөл хорих цаг тогтоожээ
2020-10-29

Өнгөт арьст эр цагдаагийнхны гарт  амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл гурав дахь хоногтоо үргэлжилж байгаа АНУ-ын Филадельфи хотод хөл хорих цаг тогтоожээ. Хязгаарлалт 21.00 цагаас 06.00 цаг хүртэл үйлчилнэ гэж ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Ийнхүү хөл хорих цаг тогтоосноор шинээр эмх замбараагүй байдал үүсэх, дээрэм тонуул гарахаас сэргийлнэ гэж эрх баригчид үзжээ. Энэ хотод арьсны үзлээс үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын үеэр 20 гаруй цагдаагийн офицер гэмтэж, 100 гаруй хүн дээрэм, халдлага хийсэн гэдэг үндэслэлээр баривчлагдсан байна. 

 

Эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан болсон хэргийн талаар эргэн сануулахад, 10 дугаар сарын 26-ны өдөр биедээ хутга авч явж байсан өнгөт арьстан Уолтер Уоллесд удаа дараа сануулга өгсний дараа цагдаагийн ажилтнууд түүнийг бууджээ. Улмаар өнгөт арьст эр шархдсаны улмаас нас барсан байна. Энэ хэргийн дараа Филадельфи хотод эсэргүүцэл эхэлж, улмаар эмх замбараагүй байдалд шилжжээ.

 

Үймээнийг дарж, хэв журмыг сахиулах үүднээс Филадельфи хот руу Үндэсний гвардынхныг илгээсэн бөгөөд "орон нутгийн эрх баригчид хүсэлт гаргавал нэмэлт хүч илгээнэ" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин