Карабах: Арменийн Хууль зүйн дэд сайд фронтод тулалдана
2020-10-29

Арменийн Хууль зүйн дэд сайд Уулын Карабах дахь сөргөлдөөний бүсэд сайн дураар тулалдахаар бүртгүүлсэнтэй нь холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

Спутник агентлагийн мэдээлснээр, өдгөө 30 настай Ваге Даниелян 10 дугаар сарын 27-ны өдөр Хуульзүйн дэд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Гэхдээ дайчилгааны хугацаанд тэрбээр цалингаа авсан хэвээр байх гэнэ. Ваге Даниелян 2019 оны 12 дугаар сард Хууль зүйн дэд сайдын албан тушаалд томилогджээ. Үүнээс өмнө, Арменийн дэд сайд Тигран Авиняны туслахаар хоёр жил ажилласан байна.  мэдээлсэн байна.

 

Ийнхүү Хууль зүйн дэд сайд фронт явах шийдвэр гаргахаас өмнө Арменийн Ерөнхий сайдын  эхнэр "эх орныхоо хилийг хамгаалахаар" эмэгтэйчүүдийн отрядын бүрэлдэхүүнд багтахаар болсон талаараа мэдэгдэж байлаа. Түүнчлэн Ерөнхий сайдын хүү Уулын Карабах дахь тэргүүн шугам руу сайн дурын цэргээр хэдийнэ явсан гэж Арменийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

 

Карабах дахь хямрал

Уулын Карабахд есдүгээр сарын 27-ны өдөр нөхцөл байдал хурцадсан юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нутаг дэвсгэрийн харьяаллаас үүдэлтэй сөргөлдөөн Армени, Азербайжаны хооронд өрнөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Уулын Карабах 1988 онд Азербайжаны бүрэлдэхүүнээс тусгаарласнаас үүдэлтэй хоёр талын сөргөлдөөн 1994 он хүртэл үргэлжилж, зэвсэгт мөргөлдөөн 1994 онд Орос болон Киргизийн зуучлалаар зогсож байлаа. 

 

Олон улсын оролцоотойгоор хэлэлцээрийн замаар шийдвэрлэх гэж хичээсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсаар ийнхүү өнгөрсөн сарын сүүлээр талууд тулалдаж эхэлсэн юм. Улмаар Арменийн тал дайны байдал, бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлаж, 18-55 насны эрчүүдийг улсаасаа гарахыг хориглосон. Азербайжанд хөл хорих цаг тогтоон, хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин