ШУУД: Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар

УИХ-ын чуулганы хуралдаанаар Түр хороо байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнөх парламентын үед цар тахлын хуульд хяналт тавих түр хороог УИХ-аас байгуулсан бөгөөд шинэ парламент сонгогдсон учраас гишүүдийг нь шинэчлэн батлахаар болсон байна. Гишүүд Түр хороо байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоол гаргав. Түр хорооны даргаар Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг нарыг бүрэлдэхүүнтэй байгуулав.
Дараагаар нь Монгол Улсын Засгийн газар Европын холбоо, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Олон улсын хөгжлийн ассоциаци зэрэг зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах хуулийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдууулан асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна. Яг өнөөдрийн байдлаар Европын холбооноос манай улсад ямар зээл, тусламж үзүүлж байна, цаашид ямар арга хэмжээ авах вэ. Монгол Улс Европын холбоотой гэрээ байгуулж, 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах хөнгөлөлтөө бид хэрхэн эдэлж байгаа вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Энэ удаад Европын холбооноос хэрэгжүүлж байгаа тусламж, зээл дээр орж ирж байгаа татварыг битгий аваач, татвар төлөгчдийн мөнгө гэдэг хүсэлтийг тавьсныг бид хүлээж авч байгаа. 50,8 сая еврогийн буцалтгүй тусламжийг бид энэ удаад авна. Өнгөрсөн хугацаанд Европын холбооноос 1993-2006 онд 70 гаруй сая еврог буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, 2007-2011 онд 14 сая еврог буцалтгүй тусламжаар авч байсан. 2009 онд 2 сая еврог мөн олгож байсан. 2011-2015 онд 15 сая еврог буцалтгүй тусламжаар, 2015-2020 онд 52 сая орчим еврогийн буцалтгүй тусламж авсан. 1992 оноос хойш зээлийн санхүүжилт огт олгоогүй. Одоо бол 50,8 сая еврогоор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт дэмжлэг үзүүлэхээр олгогдож буй буцалтгүй тусламж юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өр зээл ч алдагдаж байна л даа. Ярихдаа хасагдсан гэж байгаа боловч нэмэгдэж байгаа. Үнэгүй зүйл гэж байхгүй. Тусламж өгч байгаа бол түүний цаана илүү ч үнэтэй зүйл байж магадгүй. Татвар төлөгчдийнхөө мөнгийг саарал жагсаалтад байнга ордог, хар тамхины сүлжээ болсон, хариуцлагагүй Засгийн газартай улсад зүгээр өгөхгүй байх. Монгол Улсын өр яг хэд болсон бэ, үүнийг ийм байдлаар төлнө гэдгийг тодорхойлсон зүйл байна уу. Нэг хүнд ногдох өр хэд болж байна вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар. Үүнээс аж ахуй нэгж, компанийн өр нь 19,1 тэрбум ам.доллар буюу гуравны хоёр нь, 1,7 тэрбум ам.доллар бол монголын арилжааны банкуудын өр буюу нийт өрийн 5,5 хувь, 6,8 хувь буюу 2,1 тэрбум ам.доллар бол Монголбанкны зээл, Засгийн газрын зээл 7,9 тэрбум ам.доллар байгаа юм. Засгийн газрын гадаад өр нь 7,9 тэрбум ам.доллар гэсэн үг юм. Монгол улс 1990 оноос хойш 3 орчим тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авсан байдаг. Хамгийн том нь Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламж байсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах төслийг хэлэлцэн баталлаа. Үргэлжлүүлээд Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ