"Шарли Эбдо" Эрдоганыг элэглэж, Турк тэднийг "сүрдүүлэв"
2020-10-29

Одоогоос таван жилийн өмнө 12 хүний аминд хүрэх шалтгаан болсон Мухаммед зөнчийн тухай шог зураг нийтэлж байсан Францын долоо хоног тутмын "Шарли Эбдо" шог сэтгүүл энэ удаад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг элэглэжээ. 

Францын Шарли Эбдо сэтгүүл 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан шинэ дугаарынхаа нүүрэнд Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы шог зургийг нийтэлсэн байна. Зураг дээр Режеп Тайип Эрдоган дотоожтойгоо суух бөгөөд нэг гартаа аяга барьж нөгөө гараараа мусульман эмэгтэйн хормойг сөхөж байгаагаар дүрсэлжээ. Энэ зураг дээр Эрдоган "амьдрал дээрээ туйлын наргианч хүн" гэж бичсэн байна.

 

Шог зурагтай холбоотойгоор Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч болон Ерөнхийлөгчийн захиргааны харилцаа хариуцсан газрын тэргүүн нар эрс шүүмжилж байгаагаа илэрхийлсэн байна. Хувь хүний эрхэнд халдах нь хошин шог, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй огт хамааралгүй, Шарли Эбдо ёс суртахуунгүй гэдгээ дахин баталлаа хэмээн Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрагим Калын Твиттер хуудсандаа бичжээ. Мөн "үзэн ядалт, дайсагналыг бий болгох зорилготой" хэмээн хэвлэлийг буруутгасан байна. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Турк улс шог зураг нийтлэгдсэнтэй холбоотойгоор хууль зүйн болон дипломат арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн Анкарагийн Прокурорын ерөнхий газар сэтгүүлийн ажилтнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

 

Шашнаас үүдэлтэй Франц, Туркийн зөрчилдөөн 

Шог зураг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны исламын тухай хэлсэн үгнээс үүдэлтэйгээр Франц, Туркийн хоорондын харилцаа хурцдаж буй үед гарснаараа ийнхүү ихээхэн анхаарал татаж, шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

 

Францад Самюэль Пати гэх багш сурагчдадаа үг хэлэх эрх чөлөөний тухай хичээлийн үеэр 2015 онд хэвлэгдсэнийхээ дараа алан хядагчдын халдлагад өртөж 12 хүний амь эрсдэх шалтгаан болсон Шарли Эбдо сэтгүүл дэх Мухаммед зөнчийн шог зургийг үзүүлсэн байна. Үүний дараа муслим эр багшийг зэрлэгээр хөнөөсөн бөгөөд энэ хэргийн дараа Францын Ерөнхийлөгч Макрон мэдэгдэл хийхдээ хэт даврагч исламын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, Францын нийгмийн үндсэн үнэт зүйлс рүү халдаж байгаа байгууллагуудад тавих хяналт болон сүмийн санхүүжилтийн хяналтыг чангатгана хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн дэлхий даяар исламын хямрал нүүрлэснийг онцлоод шашныг төрөөс ангид байлгахын тулд хуулийг өөрчилнө гэж амлаж байлаа. 

 

 

Францын Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл Ойрх Дорнодын хэд хэдэн оронд эсэргүүцэлтэй тулгарч, Туркийн Ерөнхийлөгч Макроныг "сэтгэцээ шалгуул" гэж хэдэнтээ мэдэгдсэний дээр Францын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэддээ хандан уриалж байлаа. Харин Эрдоганы энэхүү мэдэгдллийг Европын холбоо  шүүмжилж, бараа бүтээгдэхүүнийг бойкотлох нь Европын холбоо, Туркийн хамтын ажиллагаа, харилцаанд сайнаар нөлөөлөхгүй хэмээн онцолж байв.

 

Дорнод Иерусалимд 10 дугаар сарын 27-ны өдөр Мухаммед зөнчийг хамгаалсан эсэргүүцлийн жагсаал болсон бол Бангладешийн нийслэлд 40 мянга орчим хүн Францын Элчин сайдын яамны орчимд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Макрон зургийг шатаан, Францын бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин