Н.Алтанхуяг: Би Ц.Элбэгдоржтой сөргөхгүй, Н.Багабанди даргад би захидал бичнэ


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Би намаасаа гараагүй. Намын зарим удирдлага намайг намаас гаргасан тул би арга буюу бие даан нэр дэвшсэн. Тухайн үед буруу шийдвэр гаргасан хүмүүс энэ шийдвэрээ залруулна гэж найдаж байна. Шударга бусын хонгилыг нураахын тулд би хамтран ажиллаж байна. Үүнтэй холбоотой хамгийн чухал хууль бол Шүхийн тухай хууль. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би багтсан. Шүүх шударга байх ёстой. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2017 онд Монгол Улс их бүрхэг, ойр хавийн зүйлс харагдаггүй, манан будантай байв. Түүнийг бодвол одоо байдал өөрчлөгдсөн. Гэхдээ МАНАН бүрэн арилаагүй. Шүүгчид шударга бус ажиллан, авлига авсан тохиолдлууд бий. Бүх шүүгч биш шүү. Шүүгчид гурван улстөрчийн хараанд байж болохгүй.
Х.Тэмүүжин сайд байхдаа хотын урд хэсэгт 4.9 тэрбум төгрөгөөр шүүхийн байр барих ажлыг эхлүүлсэн ч дуусаагүй байна. Би өөрөө шүүхээр их явлаа. Манай шүүхийн танхимууд их умгар, жижиг юм. Уг нь хүн тэнд очоод, намайг шударгаар шүүх юм байна гэсэн итгэл үнэмшил төрөх ёстой. Нэгэнт таван тэрбум төгрөг зарцуулчихсан тул шинэ барилгыг дуусгах нь зөв. Их хурлын зарим гишүүн дэмжсэнд баярлаж байна хэмээв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танай нам сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж чадаж байна уу?
-Бид УИХ-д 11-үүлээ байна. Удахгүй яван чангарна.
-Та намын дарга байхдаа байраа худалдсан гэж үнэн үү?
-Би тухайн үед Ерөнхий сайд байсан тул юун намын байр зарах манатай.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргэлээ. Та түүний талаар юу хэлэх вэ?
-Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж мөн. Би хүнтэй сөргөхгүй. Харин итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно.
-2021 оны улсын төсвийн төсөлд та ямар байр суурьтай байна вэ?
-Сангийн сайд 2021 оны улсын төсөв КОВИД-оос хамгаалах зорилготой гэж тодотгосон. Гэтэл тийм биш. Ковид нэрээр улсын өрийг нэмж байна. Ер нь өр зээлийнхээ талаар УИХ хаалттай хуралдах нь зөв. Камергүй үед хүмүүс үнэн зөвийг хэлдэг юм шүү. УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай хуралдана гэсэнд баярлаж байна.
Байгалийн баялаг иргэдийнх байх ёстой гэдэгтэй би санал нийлнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай санал нийлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эзэмших ёсгүй. Төр эзэн болох нь зөв. Гэхдээ эзэн боллоо гээд хүн бүрт 98 мянган төгрөг тараах нь буруу. Үүний оронд үйлдвэр барих нь зөв. Би баялгийг дээрэмдэх хүмүүсийг дэмжихгүй.
-Та намын даргад, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Би их сургуулийн багшаас намын ажилтан болсон хүн. АН-д олон ажил зүтгэсэн. Нам ялагдуулсан тул хариуцлагаа үүрч, хоёр жил ганзагын наймаа хийсэн. Намайг дуудаад Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Намын төлөө гутлаа цоортол явсан олон партизан бий. Бид үгээ чөлөөтэй хэлэх ёстой. Гэхдээ би хүнтэй хэрэлдье гээгүй шүү. Намын гишүүд дэмжвэл би эргээд намын гишүүн болно. Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ намын гишүүд шийднэ.
-“Оюутолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо. Н.Багабанди гуай улиран ажиллах боллоо.
-Арай үгүй байлгүй дээ. Би Ерөнхий сайд болоод дуучин Ганболд, н.Багабандийг гишүүнээс буулгасан шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд гаднын хөрөнгө оруулагчдаас хол байх нь зөв. ТУЗ-д хэл усыг нь мэддэг, асуудлаа судалсан, мэргэшсэн хүн байх ёстой. Би Н.Багабанди даргад би захидал бичнэ ээ. “Оюу толгой”-н 34 хувийг төр аваад их өрөнд орлоо гээд “Цагаан суварга”-ын 34 хувиас төр мөн л татгалзсан. Энэ уг нь буруу л байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ