О.Одгэрэл: Хорт зуршилтай холбоотойгоор харвалт залуужиж байна
2020-10-29

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг “Дэлхийн Харвалтын эсрэг өдөр”-ийг тохиолдуулан “Харвалтын эрсдэлийг үнэлэх” зөвлөгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэй зохиож байна. Өдөрлөгийн хүрээнд тус эмнэлгийн хүлээлгийн хэсэгт эмч нар байрлан даралт үзэх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байлаа. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн эмч О.Одгэрэлээс харвалт залуужсаны шалтгаан, урьдчилан сэргийлэх, яаралтай авах аргын талаар тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Харвалтын эсрэг хамтдаа таван өдрийн аяны талаар дэлгэрүүлэхгүй юу?

 

-Өнөөдөр үйлчлүүлэгчдээ зориулан харвалтын эрсдэлийг бууруулах зорилготой даралт, сахарын эрсдэлийг үнэлэх үнэлгээний мэдрэлийн эмч нар үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна. "Харвалтын эрсдэлээс сэргийлэх боломж танд бий" сэдэвт лекцийг сэргээн засах тасгийн эмч нартай хамтран сургалт явуулна. Эхний өдөр бид сувилагч нартаа зориулан сургалт хийсэн. Сургалтын онцлог нь Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт харвалтын тусламж үйлчилгээг үзүүлэх тасаг байгуулагдаж байгаа. Иймээс манай эмч, сувилагчид холбооны бүгд найрамдах Солонгос улсад харвалтын нэгжид ажилласан туршлагаа тухайн өдөр танилцуулсан юм. Мөн мэдрэлийн тусламж үйлчилгээний онцлог гэх сэдвээр хичээл орсон.

 

Харин хоёр дахь өдөр бид гадуур сургалт зохиолоо. Хувийн хэвшлийн байгууллага албан газруудад очиж сургалт хийсэн л дээ. Үүнд 60-70 хүн хамрагдсан. Урьдчилан  сэргийлэх үзлэг, мэргэжлийн эмч нарын баг зөвлөгөө өгсөн, "тархины харвалтаас урьдчилан сэргийлэх боломж танд бий" сэдэвт лекц явуулсан юм. Гурав дахь өдрийг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн эмч нартаа зориулан харвалтын тухай ерөнхий ойлголт, цаашдын харвалтад хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх, мэдрэлийн мэс засал, харвалтын нэгж ажил болсон энэ ажлын хүрээнд туршлага солилцох өөрсдийнхөө хийж бүрээсэн тайланг тавьсан сургалт боллоо. өнөөдрийн хувьд үйлчлүүлэгчдээ хандсан сургалт хийж байгаа бол маргааш өглөө буюу 10 дугаар сарын 30-ны өдөр яаралтай тусламжийнхаа эмч нартай хамтарсан "Зангиагүй уулзалт" ярилцлага хийж байгаа. Яаралтай харвалттай өвчтөн ирсэн тохиолдолд бид юуг анхаарах, ямар чиглэлээр ажиллах тухай хэлэлцүүлэг уулзалт хийнэ. 

 

-Энэ өдрийн манай улс хэзээнээс эхлэн тэмдэглэдэг болов? 

 

-Дэлхийн харвалтын өдрийг Монгол Улс 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний зорилго нь үйлчлүүлэгч, өвчтөнүүдээ харвалтаас сэргийлэх, эмч, сувилагч нарт мэдээлэл өгөх зорилготой байдаг. Үүний хүрээнд таван өдөр үйл ажиллагаа төлөвлөн ажилласан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Сүүлийн үед харвалт залуужсан байна. Үүний шалтгаан, нөхцөл юу бол?

 

-Харвалт нас харгалзахгүй болсон. Хүүхдэд, дунд эргэм насны идэр залуусын дунд ч тохиолддог. Харвалт гэдэг судасны янз бүрийн суурь өвчлөл байвал л үүсдэг.  Тиймээс судасны суурь эмгэгүүдээ эрт тодруулж оношлуулж байх шаардлагатай. Харвалтын эрсдэлд залуучууд их өртөх болсон. Дээрх дурдсан шинж тэмдгүүдээс гадна залуучууд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Ингэснээр бид харвалтын эрсдэлийг эрт илрүүлнэ. Түүнээс урьтаж арга хэмжээ авах бүрэн боломж бүрдэнэ. Дийлэнх шалтгаанд артерийн даралт ихсэх, зүрхний эмгэгүүд, сахарын өвчнөөс шалтгаалан залуучуудын дунд харвалт бий болж байна. Энэ нь амьдралын хэв маяг дээрээс нь хорт зуршилтай холбоотой юм. Тиймээс зүрх судас, мэдрэл, дотоод шүүрлийн эмч нарт хандан үзлэг хийлгэж байгаарай гэж зөвлөе. 

 

-Харвалт өгөх гэж байгааг яаж урьдчилан мэдэх вэ?

 

-Харвалтыг таних хамгийн чухал шинж нь өвчтөний толгой эргэх дайвалзах, толгой өвдөх, нүдний хараа бүрэлзэх, нүдэнд оч харагдах, гар хөл нь суларч барьж байгаа зүйлээ алдах, хөл чирэгдэх шинж илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дуудах, хамгийн ойр байх эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.  Харвалт нь цочмог өвчний тоонд ордог учраас цаг хугацаанд багтсан эмчилгээг хийвэл амь насыг аврах бүрэн боломжтой. Хугацаа алдвал  амь нас эрстэх хөдөлмөрийн чадвараа алдах аюултай. Тиймээс иргэд харвалтаас урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг байх зайлшгүй шаардлагатай.

 

-Өндөр настнуудад дийлэнх тохиолддог харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Харвалтаас урьдчилан сэргийлэх энгийн хэдэн арга бий. Анхдагч урьдчилан сэргийлэлтэд цусны даралт ихсэх өвчин ордог учир даралтаа тогтмол хянах, тогтмол эм уух хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянуулах, өөх тосны хэмжээгээ хянуулж байх хэрэгтэй. 30-45 минутын хугацаатай дасгал хөдөлгөөн хийх, таргалалтаас урьдчилан сэргийлэх,  стрессээ тайлж тайван байх аргыг авбал харвалтаас урьдчилан сэргийлж байна гэсэн үг. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин