Москва: Вакцин хийлгээгүй нийтийн тээврийн жолоочийг ажиллуулахгүй
2020-10-30

Оросын нийслэл Москва хотын нийтийн тээврийн салбарын бүхий л ажилтнууд 10 дугаар сарын 31-ний дотор томууны вакцин зайлшгүй хийлгэх шаардлагатай болжээ. Тарилга хийлгээгүй хүмүүсийг ажилд гаргахгүй байх үүргийг удирдлагуудад өгсөн байна. Энэ шаардлагыг тусгасан тушаалыг Москва хотын Тээвэр, зам тээврийн дэд бүтцийн хөгжлийн хэлтсийн дарга Максим Ликсутов 10 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ. 


Баримт бичигт дурдсанаар, тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын удирдлагуудад “ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улирлоын томуугийн үед өвчлөл нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, коронавирусийн халдвар тархсан үед амьсгалын замын хурц үрэвсэлт өвчний дэгдэлтийг тогтоон барих” зорилгоор ажилтнуудаа вакжинцуулалтад хамруулахыг үүрэг болгосон байна.


Энэ тушаалын дагуу 10 дугаар сарын 31-ний дотор нийслэлийн тээврийн салбарын ажилтнуудын 85-аас багагүй хувь нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан байх ёстой гэнэ. 


Харин ийнхүү “албадан вакцинд хамруулж байгаа нь таалагдахгүй байна” гэж нийтийн тээврийн ажилтнуудын төлөөлөл Ведомости агентлагт мэдээлжээ. Түүний өгүүлснээр, энэ тушаал гарахын өмнө метроны ажилтнуудад коронавирусийн вакцинд төлбөртэй хамрагдахыг санал болгож байсан гэнэ. 


“Танилууд дундаас энэ саналыг зөвшөөрч, вакцин хийлгэсэн хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Тиймээс томууны вакцин нэрийдлээр бидэнд ковидын вакцин хийчихэж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. Туршилтын туулай болмооргүй байна” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж өгүүлжээ. 

Түүний өгүүлснээр, ажилтнууд энэ байдлаас гарах арга олсон гэнэ. Тээврийн салбарын ажилтнууд өөрсдөө эмнэлэгт хандан томуугийн вакцин хийлгэж, зохих лавлагаа авч байгаа аж. Вакцин хийлгэхгүй бол 11 дүгээр сарын нэгнээс эхлэн ажилд нь гаргахгүй, мөн ажилд гараагүй үед цалин тооцохгүй учир зарим хүмүүс хуурамч лавлагаа авч байгааг ч үгүйсгэхгүй гэж Ведомости агентлагийн эх сурвалж өгүүлсэн байна. 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин