“Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд багшийн мэдрэмж чухал байна”
2020-10-30

ГССҮТөв санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт өнөөдөр /2020.10.30/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаа ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ГССҮТөвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл нар оролцов.

 

 

Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Дэлхийн түншлэлд нэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгахаар идэвхийлэн ажиллаж байгаа дэлхийн 26 улсын нэг юм. Энэ удаагийн сургалтаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад боловсролын байгууллагын эмч, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэхийг зорьжээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэхэд багш, эмч, нийгмийн ажилтны оролцоо, сонор соргог мэдрэмжтэй байдал маш чухал. Хүчирхийлэл үйлдсэн тухайгаа хүүхэд ил зарлах нь ховор. Харин нуудаг. Үүнийг багш, нийгмйин ажилтан соргогоор илрүүлж, хариу арга хэмжээ авснаар хүчирхийлэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг бууруулахад маш чухал нөлөөтэй.

 

ГССҮТ-ээс санаачлан хэрэгжүүлж буй энэ сургалтыг нийслэлийн СХД-ийн төрийн өмчит 24 сургуулийн 1825 багш, эмч, нийгмийн ажилтан, БЗД-ийн 31 сургуулийн 3452 багш, эмч, нийгмийн ажилтан нийт 55 сургуулийн 5277 багш, эмч, нийгмийн ажилтан дунд зохион байгуулна. Нэг сарын хугацаанд үргэлжлэх эл сургалтаар багш, ажилчдад хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргйилэхэд үр дүнтэй хамтран ажиллах зөвлөгөө, зөвлөмж өгч, дадал хэвшилд сургах үйл ажиллагааг явуулах аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сургалтад ДЭМБ техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица нээлтэд оролцох үедээ “Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлуудын нэг болоод байгааг мэднэ. Тухайлбал 2019 онд хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас 111 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай статистик мэдээ байдаг. Хүүхэд бага насандаа хүчирхийлэлд өртөнө гэдэг насанд хүрсэн хойноо сэтгэцийн эрүүл мэнд, элдэв хорт зуршилд өртөмтгий болох зэрэг маш их хор нөлөөтэй учраас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь нэн чухал асуудал юм. Энэ сургалт бол боловсролын тэр дундаа хүүхдүүдтэй ойр ажилладаг эмч, багш, нийгмийн ажилтнуудыг хамруулж байгаагаараа онцлог. Сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийллийг эрт илрүүлэх нь дэлхий дахинд хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ гэж үздэг учраас энэ сургалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтыг санаачлах болсон тухай  ГССҮТөвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл “Сүүлийн үед нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд маш ихээр гарах  болсон. Үүнтэй холбоотойгоор бид бусад салбартай хамтарч гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь таслан зогсоохыг зорьсон. Манай ГССҮТ-ийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-нд он гарсаар 856 үйлчлүүлэгч ирснээс 90 нь хүүхэд байна. Энэ бол өндөр тоо. Учир нь Гэмтлийн эмнэлэгт хүүхдүүд хүнд буюу хүндэвтэр гэмтэл авсан үедээ ирдэг. Хөнгөн гэмтэл авсан тохиолдолд төдийлөн эмнэлэгт ханддаггүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд алслагдсан СХД, БЗД-ийг сонгон нийт 55 сургуулийн 5277 эмч, багш, нийгмийн ажилтанд сургалт явуулах юм. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрт илэрнэ. Эрт мэдэхийн тулд сургуулийн орчинд илрүүлэх нь хамгийн чухал. Учир нь холбогдох байгууллагуудтай эргэх холбоотой ажилласнаар хариу арга хэмжээг авч  чадна. Улмаар хүчирхийлэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа. Энэ төслийг цаашид олон дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа “Хүүхэд гэмтчихээд эмнэлгийн байгууллагад хандаж байна. Зарим хүүхэд эмнэлэгт хандаж чадалгүй амь насаа алдаж байгаа. Тэгэхээр үүнээс өмнө мэдэж, урьдчилан сэргийлж эрт илрүүлэх нь чухал байгаа юм. Тийм учраас бид багш, эмч, нийгмийн ажилтнууддаа хүчирхийллийг эрт илрүүлэх шинж тэмдгийн тухай, хүүхдээ хүчирхийллээс хамгаалахад хэрхэн ажиллах тал дээр зөвлөгөө, зөвлөмж өгөх сургах ажлыг эхлүүлж байгаа юм. Эхний ээлжинд  БЗД, СХД-ийг сонгосон шалтгаан нь хүн амын нягтаршил их, шилжилт хөдөлгөөн, гэр хорооллын айл өрх олон байдаг. Цаашид үндэсний хэмжээнд энэ арга хэмжээг зохион байгуулна” гэж ярилаа.

 

Хүүхдийн  хүчирхийлэлд өртөж зодуулж, амь насаа алдах аюулаас хамгаалахад багшийн, сургуулийн нийгмийн ажилтны болоод эмчийн мэдрэмж, сонор сэрэмж чухал байгааг сургалтад оролцогчид онцолсон юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүрэг 327 мянган хүн амтай бол Баянзүрх дүүрэг 361 мянган хүн амтай. Тус дүүргүүд нь Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай төдийгүй ГССҮТ-ийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр үйлчлүүлсэн тоо баримтаас харахад тус дүүргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн түгээмэл бүртгэгджээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин