COVID-19: Оросууд бараа бүтээгдэхүүн дахин нөөцөлж эхэлжээ
2020-10-30

Оросын хүн амын гуравны нэг нь COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй шинээр хязгаарлалт тавихад бэлтгэн, дэлгүүрүүд хаагдаж болзошгүй хэмээн эмээж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон бусад төрлийн барааг нөөцөлж эхэлжээ. Энэ талаар "ResearchMe" агентлагийн судалгаагаар тодорхой болсон талаар РБК агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цахим санал асуулгад 18-аас дээш насны 1611 хүн оролцсон бөгөөд оролцогчдын 20 хувь нь нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн бол 12 хувь нь хүнсний бус бараа бүтээгдэхүүн хаагдсан үед шаардлагатай гэж үзэн бусад төрлийн бараа бүтээгдэхүүн нөөцөлжээ. Оросын бүс нутгуудад намар дахин хязгаарлалт тавсны дараа судалгаанд оролцогчдын 51 хувь нь нөөц худалдан авалт хийдэг гэж хариулсан байна. Харин оролцогчдын 40 орчим хувь нь гагцхүү нэн шаардлагатай бүтээгдэхүүн худалдаж авахыг хичээдэг хэмээн хариулжээ. 

 

Өнгөрсөн хавар Оросын худалдааны салбар дахь бараа бүтээгдэхүүний эрэлт эрс өсч, тэр дундаа будаа, лаазалсан бүтээгдэхүүн, ариун цэврийн цаасыг хүмүүс ихээр нөөцөлж байсан аж. Ялангуяа хүнсний бус дэлгүүрүүд хаагдах ажлын бус өдрүүд, тусгаарлалтын горим зарлагдахын өмнө эрэлт эрс өсч байсан гэнэ. Оросын Төв банкны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын сүүлээр оросуудын 27 хувь нь бараа нөөцөлж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин