COVID-19: Буриадад ирэх сарыг дуустал хязгаарлалтын арга хэмжээг сунгав
2020-10-30

Коронавирусийн халдварын тархалтаас үүдэлтэй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг 11дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгажээ. Энэ талаар Буриадын Засгийн газрын хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар Regnum агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх сарыг дуустал аливаа олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж, 65-аас дээш насны хүмүүс болон хууч өвчинтэй хүмүүс өөрийгөө тусгаарлах горим үйлчлэх аж. Түүнчлэн хилийн чанад, ОХУ-ын бусад субъект, коронавирусийн халдварын нөхцөл байдал таагүй байгаа нутаг дэвсгэр рүү зорчихоос татгалзахыг зөвлөсөн байна.

 

Нийтийн хоолны байгууллагууд 22.00 цагт хаалгаа барих бөгөөд үйлчилгээ үзүүлэх хугацаандаа хүмүүс хоорондын зай баримтлахыг анхааруулжээ. Түүнчлэн Буриадын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагуудад ажилтнуудынхаа 30 хувийг алсын зайнаас ажиллуулахыг зөвлөсөн байна.

 

Буриадад өнгөрсөн хоногт 226 тохиолдол шинээр илрүүлсэн нь дахин дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 11 331 болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин