Карабах: Арменийн Ерөнхий сайд Оросын энхийг сахиулагчдыг оруулахыг дэмжжээ
2020-10-30

Уулын Карабахд Оросын энхийг сахиулагчдыг оруулах нь Карабахын сөргөлдөөнийг шийдвэрлэх үр ашигтай арга байж болох юм гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ. 

 

"Сөргөлдөөний бүс рүү Оросын энхийг сахиулагчдыг оруулахыг би дэмжиж байна. Гэхдээ ОХУ-ын энхийг сахиулах хүчийг байршуулахыг сөргөлдөөний бүхий л тал дэмжих ёстой гэдэгт гол асуудал оршиж байна" хэмээн Пашинян The Daily Telegraph-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ Арменийн Ерөнхий сайд Турк улс Азербайжанд дэмжлэг үзүүлэхийг зогсоохын тулд илүүтэй хүчин чармайлт гаргахыг Европт хандан уриалсан байна. 

 

Арменийн Ерөнхий сайдын зөвлөх Вагаршак Арутюнян 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэлл хийхдээ Уулын Карабахд энх тайвныг дэмжихэд Орос улс гол үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байлаа. Мөн үүнээс өмнө Ерөнхий сайд Пашинян Карабах руу Оросын энхийг сахиулагчдыг оруулах боломжийг Минскийн бүлгийн түвшинд авч хэлэлцэхийг санал болгож байсан юм. Харин Кремль Армени, Азербайжан гэсэн сөргөлдөөний оролцогч тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энхийг сахиулагчдыг оруулах боломжтойг тайлбарлаж байв. 

 

Карабахын хямрал

Армени, Азербайжан ихэвчлэн арменичууд амьдардаг Карабахын нутаг дэвсгэрийн харьяаллаас болж 1988 оноос хойш сөргөлдөж байгаа юм. Тухайн үед Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласан. Зэвсэгт сөргөлдөөний явцад  Азербайжан Карабах болон өөр долоон бүс нутгийн хяналтаа алдсан юм.

 

Ээлжит сөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд гурвантаа гал зогсоох тохиролцоо хийсэн ч талууд энэ горимыг мөрдөлгүй үргэлжлүүлэн дайтсаар байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин